ОХУ Умард Солонгосоос хэдэн сая пуужин, их бууны сум худалдан авч түүнийгээ Украины дайнд хэрэглэхээр төлөвлөж байна гэж АНУ-ын албаны төлөөлөгч мэдэгджээ. Орос-Украины дайн сунжрах тусам Орос улс дахин Умард Солонгосоос зэвсэг техник авахаас өөр аргагүйд хүрэх юм. Умард Солонгостой зэвсгийн худалдаа хийж байна гэдэг нь “үнэхээр арга мухардсаны шинж” гэж тэрээр цохон тэмдэглэжээ.
Энэ талаар анх Нью Йорк Таймс мэдээлсэн бөгөөд Украины Батлан хамгаалах яам “Зөвлөлтийн техник туйлдаа хүрлээ” хэмээн тохуурхаж байжээ. Мөн “Украины зэвсэгт хүчин НАТО-ийн стандартаар сайжирч байхад Оросууд аргаа барж Умард Солонгосын зэр зэвсэг, улс төр, амьдралын шинж байдал руу улам бүр ойртож байна” хэмээн өгүүлжээ.
Умард Солонгосын удирдагч Ким Жон Ун Оросын эзлэн түрэмгийллийг цагаатгаад зогсохгүй хоёр орны дунд яс хаясан хэмээн АНУ-ыг буруутгасан байр суурьтай байгаа юм. Мөн өнгөрсөн сард Умард Солонгос Оросын дэмжлэгтэйгээр Украинаас салан тусгаарласан Донецк болон Луганскийн Бүгд Найрамдах улсын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрч, Москватай найрамдалт харилцаатай хэвээр гэдгээ тунхагласан. Харин ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин цаашид хоёр орон бүхий л салбарт нягт холбоотой хамтран ажиллана гэснийг Пхеняний хэвлэлд онцолжээ.
Өргөн хүрээтэй хориг арга хэмжээ Оросын эдийн засагт төдийлөн дорвитой хохирол учруулж чадахгүй байгаа ч тээвэрлэлт, экспортын хоригууд Оросын цэрэг армид ихээхэн нөлөөлж байгаа гэж АНУ үзэж байна. Өнгөрсөн долоо хоногт АНУ-ын ерөнхийлөгчийн ажлын албанаас “Иранд үйлдвэрлэгдсэн байлдааны дроны эхний ээлж Орост хүргэгдлээ, мохажер-6 дрон болон шахед загварын зэвсгүүдийг ашиглах талаар Орос офицеруудад сургалт орж байгаа” гэж мэдэгдсэн байна. Мөн ердөө долоохон хоногийн хугацаанд эхний ээлжийн тээвэрлэлтээр ирсэн дронууд эвдэрч ажиллагааны хувьд доголдол үүсэж эхэлсэн талаар мөн мэдээлсэн байна.
Иран улс өнөөдрийг хүртэл аль нэг талд зэвсэг нийлүүлээгүй гэж мэдэгдэж байгаа ч, 7-р сард Нэгдсэн Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөх Жейк Салливан Тегранаас Москвад зэвсэг нийлүүлэх тохиролцоо хийгдэж байгааг анхааруулж байсан юм.