БНХАУ-ын дарга Ши Жиньпин, ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин нар ирэх 7 хоногт уулзана

БНХАУ-ын дарга Ши Жиньпин, ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин нар ирэх долоо хоногт Узбекистан улсад болох Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын уулзалтад биечлэн оролцоно гэдгийг мэдэгдлээ.

Энэ талаар ОХУ-аас БНХАУ-ын нийслэл Бээжин хотод суугаа элчин сайд Андрей Денисов сэтгүүлчдэд дээрх мэдээллийг баталгаажуулсан мэдэгдэл хийсэн байна. Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын дээд хэмжээний уулзалтын үеэр болох хоёр улсын төрийн тэргүүний уулзалт ОХУ Украинд халдан довтолсноос хойших анхны нүүр тулсан уулзалт болж байгаа гэдгээрээ олны анхаарлын төвд байна гэж ажиглагчид үзэж байна.

Түүнчлэн "ковид-19"-ийн халдвар дэгдсэнээс  хойш БНХАУ-ын дарга Ши Жиньпин анх удаа хилийн чанадад айлчлал хийх гэж байна. Орос, Хятадын төрийн тэргүүнүүд Украины дайн эхлэхээс өмнө буюу Бээжингийн өвлийн олимпын наадмын үеэр биечлэн уулзсан төдийгүй Кремлийн тэргүүн Владимир Путин Хятад улсад 34 тэрбум ам.долларын байгалийн хий, газрын тос нийлүүлэх гэрээг тэр үеэр баталгаажуулсан юм. Харин ирэх долоо хоногт болох ШХАБ-ын дээд хэмжээний уулзалтын үеэр Орос, Хятадыг эрх баригчдын хооронд болох яриа хэлэлцээ Өрнөдийн улсуудын анхаарлыг ихээр татаж байгааг шинжээчид онцолжээ. ШХАБ-ын дээд хэмжээний уулзалт 9-р сарын 15-16-ны өдрүүдэд Самарканд хотноо зохион байгуулагдана.