ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин лхагва гарагт Ази тивийн бүс нутгийн улсууд болон Өрнөдийн орнуудын талаар мэдэгдэл хийсэн нь Барууны орнуудын анхаарлыг татсан байна. Тэрээр "Ази тив дэлхий нийтээс ирээдүйгээ нэхэж байгаатай зэрэгцэн Оросын эсрэг хориг арга хэмжээ авч Москваг тусгаарлах гэсэн дэмий бөгөөд түрэмгий оролдлого нь дэлхийн эдийн засгийг сүйрүүлж байгаа учраас Өрнөдийн улсууд бүтэлгүйтэж байна" хэмээн мэдэгджээ.
Владимир Путин Украинд цэргийн тусгай ажиллагаа хэмээх түрэмгийллээ эхлүүлсний дараа АНУ болон түүний холбоотон улсууд шинэ зууны түүхэн дэх хамгийн өргөн хүрээг хамарсан хориг арга хэмжээг Оросын эсрэг аваад байгаа юм.
В.Путин Владивосток хотноо зохион байгуулагдаж буй "Дорнын эдийн засгийн 7-р чуулган"-ы нэгдсэн хуралдаанд оролцох үеэр хэлэхдээ "Өрнөдийн хориг арга хэмжээ нь бидэнд дайн зарласантай ижил. Цар тахал бидний гол аюул занал байсан бол одоо өрнөдийн хориг арга хэмжээ үүнийг орлож байна. Орос болон бидний холбоотон улс орнууд энэ удаагийн чуулганаар тэдний эсрэг хэрэгжүүлэх олон асуудлыг хэлэлцэх болно" хэмээн цохон тэмдэглэжээ. Мөн тэрээр үргэлжлүүлэн "би барууны хориг арга хэмжээний сөрөг нөлөөлөл нь бусад улс орнуудад зан үйлийн буруу үлгэр дуурайл үзүүлж байгааг, цаашилбал тусгаар тогтнолоос нь салгах, мөн тэдний хүсэл зоригт захируулах ёстой гэсэн увайгүй үйлдлийнх талаар ярьж байна" хэмээн тодотгожээ. Мөн Путин “эрчим хүчний зах зээлийн өсөлтийн гол цөм нь Европ бус Ази- Номхон далайн бүс нутгийн улсууд гэдгийг мэдэгдээд энэ бүс нутгийн улсуудад хийж буй экспортын хэмжээгээ нэмэгдүүлнэ” гэжээ.
Владимир Путин өмнөд хөршийгөө цэрэггүйжүүлэх, аюултай үндсэрхэг үзэлтнүүд хэмээн нэрийдсэн хүмүүсийг үндсээр нь устгах тусгай ажиллагаагаа эхлүүлснээс хойш хэдийн хагас жил гаруй хугацаа өнгөрөөд байна. Харин бодит байдалд Украины зэвсэгт хүчин хүчтэй эсэргүүцэл үзүүлж одоогоор дайны фронтод давуу талыг гартаа аваад байгааг Өрнөдийн хэвлэлүүд мэдээлсээр байгаа юм.