Монгол улсад анхны ISO 3382:2009 стандарт бүхий дуу бичлэгийн студи нээгдлээ

“B” продакшн 16 жилийнхээ ойн босгон дээр Олон улсын стандарт хангасан дэлхийн “A” зэрэглэлийн дуу бичлэгийн  “440 HZ RECORDS” студиэ албан ёсоор нээлээ. Энэхүү студи нь ашиглалтад орсноор уран бүтээлчид олон улсын жишгээр бүтээлээ туурвих нөхцөл бүрдэж байгаа юм.

Энэхүү студи нь ISO 3382:2009 акустикийн стандартыг нэвтрүүлснээр Монголын уран бүтээлчид өндөр чанар бүхий уран бүтээлийг туурвих боломж бүрдэж байна. Студийн зураг төслийг гаргасан хүний зүгээс ийм хэмжээний студи бүтээх нь нэг төрлийн шинжлэх ухаан гэдгийг онцолж байсан юм.

440HZ RECORDS студи нь үндсэн таван студитэй,  дууны найруулга хийх гурван студи, хөгжмийн сургалтын өрөө, оффис зэргийг цогцоор нь шийдэж өгчээ. Түүнчлэн техникийн шийдлийн тухайд их Британи улсын QUESTED мониторинг системээр тоноглогдож өгсөн байна.

Азидаа цөөхөнд тооцогдох уг студи нь дуучдад төдийгүй кино уран бүтээлчдэд ч мөн дэлхийн стандарт бүхий дуугаралтыг хийх боломжийг нээж олон улсын киноны хөгжмийн стандартыг бий болгох боломж бүрдэж байна. Зөвхөн соёл урлагийн төдийгүй цаашид Монгол улсыг сурталчлах чанар стандарт бүхий уран бүтээлээ гадны  зах зээлд нийлүүлэх боломж бүрдэж байгаа юм. Өмнө нь Монголын уран бүтээлчид гадны зах зээлд өрсөлдөхөд дууны чанар гологдох асуудал үүсдэг байсан бол энэхүү студийн тусламжтайгаар хөгжмийн болон кино фестивальд оролцох бүрэн боломж нээгдэж байгаа юм.