Дотоодын барилгын материалын үйлдвэрүүдийн төрлийг нэмэгдүүлэх шаардлагатай байна

Хил гаалийн нөхцөл байдлаас шалтгаалан бараа бүтээгдэхүүний үнэ өссөөр байгаа ч дотооддоо үйлдвэрлэсэн барилгын материалын үнэ мөн 50 хүртэл хувиар өссөн нь барилгын үнэд шууд нөлөөлж байна. Гэвч дотоодод үйлдвэрлэж байгаа барилгын материалын гол түүхий эд нь гадны улсаас импортоор орж ирдэг тул барилгын материалын үнийг тогтоох боломжгүй гэж холбогдох албаныхан хэлсэн байна.

Барилга байгууламжийн үнэ өсөхөд олон зүйл нөлөөлдөг. Хамгийн гол нөлөө үзүүлдэг нь барилгын бараа материалын үнэ байдаг байна. Манай улсын хувьд барилгын материалын 30-аас 40 хувийг дотооддоо үйлдвэрлэдэг. Дотоодод үйл ажиллагаа явуулах зөвшөөрөлтэй 800 үйлдвэр байдаг бол үйл ажиллагаа явуулах зөвшөөрөлгүй 1000-аад үйлдвэр байна. Харин одоогийн байдлаар барилга байгууламжийн үнийг бууруулахын тулд улсаас дотооддоо үйл ажиллагаа эрхэлж байгаа барилгын материалын үйлдвэрүүдийг дэмжиж байгаагаа илэрхийллээ.

Гэвч дотоодын үйлдвэрүүд барилгын материалын олон төрлөөр биш тоотой хэдхэн төрлөөр үйлдвэрлэл эрхэлдэг нь  хүндрэлтэй байдаг байна. Иргэдийн зүгээс өндөр үнэд хүрсэн барилгыг худалдан авч чадахгүй байгаа энэ үед компаниуд уян хатан нөхцөлийг санал болгож байгаа талаар хэлсэн юм. Иймд барилгын салбарын үнийг бууруулахын тулд дотоодын барилгын бараа материалын үйлдвэрлэлийн төрлийг нэмэгдүүлэх  мөн түүхий эдийг дотоодоос хангах нь чухал байна.