БНХАУ-ын зарим томоохон хотуудад хөл хорио тогтоосны улмаас иргэд хүнсний хомсдолд нэрвэгдэж эхэлжээ

БНХАУ-ын иргэд “КОВИД-19”-ийн халдварын дэгдэлт нэмэгдсэнтэй холбоотойгоор хөл хорио тогтоох шийдвэр гаргасан эрх баригчдад хандан хүнсний хомсдолд орж эхэлсэн талаараа цахим хуудсаараа мэдэгдэж эхэлжээ. Тус улсын 30 орчим бүс нутгийн хэдэн арван сая хүмүүс хэсэгчилсэн болон бүх нийтийг хамруулсан хорио цээрийн хатуу дэглэмийг сахиж гэртээ одоог хүртэл гэртээ түгжээтэй байна.  

Муж улсуудын эрх баригчид ирэх 10-р сарын 16-нд зохион байгуулагдах Хятадын Коммунист намын их хурлын өмнө “КОВИД-19”-ийн халдварын тархалтыг бүрэн хяналтдаа оруулахаар улайрч байна гэж ажиглагчид үзэж байна. Өнөөдөр Баруун Шинжаан мужийн иргэд сүүлийн 15 хоног хоол, хүнсгүй гэртээ өнжсөний эцэст өнөөдрөөс хөл хорионы дэглэмийг зөрчин хүнсний бараа бүтээгдэхүүн худалдаж авахаар дэлгүүрүүдийн үүдэнд дугаарлаж эхэлжээ. Тус улсын эрх баригчид хөл хорионы дэглэм хэрэгжих үеэр хүргэлтийн компаниудын үйл ажиллагааг хүртэл хязгаарласан нь иргэд дүрэм, журмыг зөрчихөөс өөр аргагүйд хүргэсэн байна. 

Хятадын эрх баригчид “Тэг-Ковид” бодлого хэрэгжүүлснээр вирусийн халдварын илэрч байгаа шинэ тохиолдлын тоо буурсан ч хөл хорионы хатуу дэглэм нь эдийн засгийнх нь өсөлтийг боомилж байгаад иргэд нь дургүйцлээ илэрхийлсээр байна. Шинжаан-Уйгурын бүс нутгийн Казахстан улстай хиллэдэг Или Казах автономит мужид хөл хорионы дэглэм тогтоосны улмаас иргэд сүүлийн хоёр долоо хоног хоол, хүнсгүй болж цахим сүлжээгээр дамжуулан олон улсын хүмүүнлэгийн байгууллагуудаас тусламж хүсжээ. Тус бүс нутагт Хятад, Казах, Уйгур үндэстнүүд оршин суудаг байна. 

Түүнчлэн Баруун Өмнөд Гуйжоу мужийн эрх баригчид урьдчилан мэдэгдэлгүйгээр мужийн нийслэл Гуяйн хотод хорио цээрийн хатуу дэглэмийг хэрэгжүүлжээ. Улмаар тус хотын 2 сая орчим оршин суугч ямар нэгэн бэлтгэл хангалгүйгээр гэртээ болон ажлын байр, лифтэнд хүртэл хоригдсон хүмүүс байгааг “BBC” агентлаг мэдээлжээ. 

Өнгөрсөн даваа гарагт БНХАУ-д вирусийн халдварын 940 гаруй батлагдсан шинэ тохиолдол илэрчээ.