90 орчим жилийн түүхтэй “Монгол кино нэгтгэл” ТӨҮГ-т Монгол киноны алтан үеийн уран бүтээлчид ажиллаж, амьдарч байсан цаг саяхан. Тэгвэл сүүлийн жилүүдэд кино уран бүтээлчдээс ихээхэн шүүмжлэл хүртэх болсон тус газрын удирдах зөвлөл байгуулагдсан байна. Удирдах зөвлөл байгуулагдсанаар төрөөс бодлогоор кино урлагийг дэмжих боломжтой болох юм.
“Монгол кино нэгтгэл” ТӨҮГ нь Ардын сайд нарын зөвлөлийн 1935 оны 32-р тогтоолоор кино зургийг хөлсөөр гаргах, кино зураг үйлдвэрлэх ажлыг хослон гүйцэтгэхээр анх байгуулагдсан бөгөөд тухайн үедээ Монгол кино үйлдвэр нэртэй байсан юм. 90 орчим жилийн түүхтэй Монгол кино үйлдвэрт 500 гаруй уран бүтээлчид оюун, сэтгэлээ ундруулан хийсэн уран бүтээл мэргэжлийн шүүмжлэгчдээс бүтсэн уран сайхны зөвлөлийн шалгуурыг давж ард түмэнд хүрдэг байжээ.
Алтан үеийн уран бүтээлчдийн хийсэн бүтээлийг хэчнээн олон удаа үзсэн ч найруулагч, жүжигчид, зураглаач гээд уран бүтээлчдийнх нь чадварыг бахдан бишрэх сэтгэл төрдөг. Техник технологи хөгжөөгүй тухайн үед 30 настай бүсгүйг 80 настай мэт харагдуулна гэдэг асар том ур чадвар. Монголын кино урлагийн түүхэн хэлхээг агуулах уг нэгтгэл өнгөрсөн хугацаанд багагүй шүүмжлэлт өртсөөр ирсэн. Тэгвэл төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газраас Монгол кино нэгтгэлийн дүрмийг шинэчлэн баталснаар долоон гишүүний бүрэлдэхүүнтэй удирдах зөвлөлийг байгуулсан.
“Монгол кино нэгтгэл” ТӨҮГ-ын удирдах зөвлөлд Соёлын асуудал эрхэлсэн Төрийн захиргааны төв байгууллагаас гурав, Төрийн өмчийн асуудал эрхэлсэн Төрийн захиргааны төв байгууллагын төлөөлөл хоёр, мэргэжлийн төрийн бус байгууллагын төлөөлөл хоёр гишүүн байна гэж заажээ. Энэ дагуу:
- “Монгол кино нэгтгэл” ТӨҮГ-ын Удирдах зөвлөлд Соёлын яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Оюунбилэг,
- Соёлын яамны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Н.Энхбат,
- Кино урлагийн зөвлөлийн дарга бөгөөд Кино урлагийн зөвлөлийн Ажлын албаны дарга Ч.Ундрал,
- Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын Төрийн өмчийн удирдлага, зохицуулалтын хэлтсийн Удирдлага, төлөөллийн албаны дарга В.Дарханбаатар,
- Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын Төрийн өмчийн удирдлага, зохицуулалтын хэлтсийн мэргэжилтэн Г.Нямдаваа,
- “Боролдой” студийн захирал, найруулагч С.Мягмар
- Найруулагч, продюсер Б.Ням-Очир нар ажиллахаар болов.
Удирдах зөвлөл нь Монгол кино нэгтгэлийн жилийн болон хөрөнгө оруулалтын төлөвлөгөөг батлах, үйл ажиллагааны чиглэл, бодлогыг тодорхойлох, төлөвлөгөөний хэрэгжилтэд дүгнэлт өгөх чиг үүрэгтэй ажиллах юм байна.