2013 онд манай улсад явуулсан судалгаанд сэтгэл түгших эмгэг 18,4 хувьтай байсан бол 2021 онд 55 хувь болж өссөн байна

Нийгмийн эрүүл мэндийн гол суурь нь хувь хүний сэтгэцийн эрүүл мэнд гэж үздэг. Манай орны тухайд сүүлийн жилүүдэд донтох эмгэг болоод сэтгэл гутрах эмгэгтэй иргэдийн тоо нэмэгдсэн байна. Тийм учраас Эрүүл мэндийн яам болоод сэтгэл зүйчид нийгмийн сэтгэцийн эрүүл мэндийн асуудалд анхаарах цаг нь болсон гэж үзэж байна. 

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын судалгаагаар дэлхийн хэмжээнд 2001 онд сэтгэцийн эмгэгтэй хүний тоо 450 орчим сая байсан бол 2017 онд 792 сая болж өссөн байна. Дэлхийн банкнаас Нэгдсэн үндэсний байгууллагад бүртгэлтэй орнуудын дунд 2019 онд явуулсан судалгаанаас харахад 100,000 хүн амд амиа хорлох тохиолдол дэлхийн дундаж нь 9.2 байдаг бол Монгол улсын тухайд 17,9 гэж гарсан байна. 2013 онд манай улсад явуулсан явуулсан судалгаанд сэтгэл түгших эмгэг 18,4 хувьтай байсан бол 2021 онд 55 хувь болж өссөн байна.  Монгол улсад 1984-1992 онуудад хийж байсан судалгааг хамгийн сүүлд хийсэн судалгаатай харьцуулахад стрессээс үүдэлтэй сэтгэцийн эмгэг 10 дахин, архинд донтох эмгэг 40 дахин нэмэгдсэн байна. 

Хувь хүний сэтгэцийн эрүүл мэнд эрүүл байж нийгмийн харилцаанд хэвийн оролцдог. Харин сэтгэцийн эрүүл мэндэд нийгэм эдийн засгийн нөхцөл байдал хамгийн ихээр нөлөөлдөг байна. Энэ утгаар нь авч үзвэл Монгол улс ард иргэдийнхээ сэтгэцийн эрүүл мэндэд анхаарах шаардлагатай тулгараад байна. 

Мөн өсвөр насныхны дунд сэтгэцийн эрүүл мэндийн байдал анхаарах асуудлын нэг болоод байгаа юм. Тэр тусмаа өсвөр насны хөвгүүдийн дунд сэтгэл гутралын эмгэг нэмэгдэх хандлагатай байгааг Өмнөговь болоод Говь-Алтай аймагт хийсэн судалгаа харуулж байгаа юм. 

Түүнчлэн өсвөр насныхны дунд донтох эмгэгийн хам шинжүүд нэмэгдэх хандлагатай байгааг цагдаагийн байгууллагаас онцолж байлаа. Тэр тусмаа 15-35 насны хүүхэд залуучууд хар тамхины хамааралтай болох эрсдэл ажиглагдаж байна. 

Сэтгэцийн эрүүл мэндийн байдлыг сайжруулахын тулд бодитой дүн шинжилгээнд суурилсан арга хэмжээг авах хэрэгтэй бөгөөд бодлогын хэмжээнд ярих асуудал болсон юм. Сэтгэцийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг чанартай хүртээмжтэй явуулахад салбар дундын хамтын ажиллагаа чухал байгааг харуулж байна. Цаашид иргэдийн сэтгэцийн эрүүл мэндийг сайжруулах, нотолгоонд суурилсан тусламж үйлчилгээг иргэдэд үзүүлэх шаардлагатай байна.