Сүүлийн жилүүдэд дэлхийн хотууд бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалт, хот байгуулалтын үйл явцыг төлөвлөхдөө илүү иргэнздээ чиглэсэн, ээлтэй болгох чиглэлд хөгжиж байна. Үүнийг НҮБ-ын БШУС-ын байгууллага буюу ЮНЕСКО бүтээлч хотуудын сүлжээг хэрхэн бий болгож байгаагаас харж болно. Бүтээлч хотод нэгдсэнээр аз жаргалтай иргэд бүхий хотыг бий болгох боломжтой юм байна.
Барилга байгууламж, техник технологи хэдий хурдацтай хөгжиж байгаа ч улс үндэстний хөгжлийн түвшинг тухайн улсын иргэн хэр аз жаргалтай амьдарч байгаагаар тодорхойлдог цаг үе иржээ. Хэдийгээр аз жаргалын хэмжүүрийг олон хүчин зүйлээр тодорхойлж болох ч урлаг, соёлоор дамжуулан хүний бүтээлч сэтгэлгээг тэлэх нь бусад улс оронд түгээмэл ажиглагдаж байна. ЮНЕСКО бүтээлч байдлыг хотын хөгжлийн стратегийн гол хүчин зүйл гэж үзэн “Бүтээлч Хотын Сүлжээ”-г байгуулсан. Уг сүлжээнд өнөөдрийн байдлаар дэлхийн 246 хот нэгдэн оржээ.
Соёлын тухай хуулийн шинэчилсэн найруулгад иргэн хуулийн этгээд тухайн амьдарч байгаа хот, суурин газартаа нийгэмд эерэг нөлөө үзүүлэхүйц, соёлын орон зайг илэрхийлэхүйц орчинг бүрдүүлэх санаачлагыг гаргаж түүнийгээ тухайн шатны засаг дарга, захиргаанд хүсэлт гаргаж шийдвэрлүүлэх боломж, бололцоог бий болгож өгсөн байна.