Улсын хэмжээнд 900 мянга гаруй өрх байдгаас 10 гаруй хувь нь ипотекийн зээлд хамрагджээ

Банкнаас ипотекийн зээл авахыг хүссэн боловч урьдчилгаа төлбөргүй, барьцаа хөрөнгө нь хүрэлцэхгүй байгаа иргэн, хуулийн этгээдэд батлан даалт гаргахыг зохицуулсан хуулийн төслийг УИХ 2021 онд баталсан. Тэгвэл уг хууль 10 сарын 15-аас хэрэгжиж эхлэх юм байна. Ингэснээр ипотекийн зээлийн 30 хувийн урьдчилгаа төлбөрөөс 18 хүртэлх хувьд нь зээлийн батлан даалтын сан батлан даалт гаргах боломжтой болсон байна.  Гэвч журамд өөрчлөлт оруулахтай холбоотой үйл явц өнөөг хүртэл үргэлжилж, удааширч байна. Засгийн газрын тогтоол гарснаар батлан даалт гаргах асуудал хэрэгжиж эхэлнэ. Иргэд батлан даалт гаргахыг зохицуулсан холбогдох хуулийн хэрэгжилтийг  хүлээж байна.

Улсын хэмжээнд 900 мянга гаруй өрх байдгаас 10 гаруй хувь нь ипотекийн зээлд хамрагджээ. Монголбанк болон арилжааны бусад банкны нийт 70 орчим тэрбум төгрөгийн эх үүсвэрээр сард дунджаар 1400 гаруй өрхөд ипотекийн зээлийг олгодог байна. Гэхдээ ипотекийн зээлийн хөтөлбөрийг цааш үргэлжлүүлэхэд санхүүгийн эх үүсвэр тогтвортой ч орон сууц авах хүсэлтэй иргэдийн 70 орчим хувь хуримтлалгүй, урьдчилгаа төлбөргүй байна. Иймд ипотекийн зээлийн 30 хувийн урьдчилгаа төлбөрөөс 18 хүртэлх хувьд нь зээлийн батлан даалтын сан батлан даалт гаргах асуудал хэрэгжиж эхлэх нь чухал байна. Мөн ипотекийн зээлийн 6 хувийг 3 хувь болгох зохицуулалтыг хийж зөрүү хувийг арилжааны банкнууд руу олгохоор 8-н тэрбум төгрөгийг энэ онд төсөвт суулгасан байна. Батлан даалт гаргахыг зохицуулсан холбогдох хуулийн төсөл батлагдсан ч банкнууд гэрээгээ хийгээгүй байгаа учраас бодитоор хэрэгжээгүй байна.

Засгийн газраас төвлөрлийг сааруулах, иргэдийг орон сууцжуулах бодлогын хүрээнд зээлийн батлан даалтын сангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, ипотекийн зээлийн 30 хувийн урьдчилгаа төлбөрийн 60 хүртэлх хувьд зээлийн батлан даалтын сан батлан даалт гаргахаар болсон. Хуулийн төслийг 2021 оны 11-р сард баталсан ч одоогоор орон сууцны хөнгөлөлттэй зээлийн санхүүжүүлэх журамд өөрчлөлт оруулах ажил үргэлжилсээр байна. Уг журам 10 дугаар сарын 15-н гэхэд батлагдаж хэрэгжиж эхлэх төлөвтэй байна.

Зээлийн батлан даалтын сангийн мэдээллээр, ипотекийн зээл шинээр авч буй иргэдийн 50 хувь нь зээлээ батлан даалгуулах боломжтой гэсэн тооцооллыг гаргажээ.