Оросын цэргүүд Украины армийн чөлөөлсөн бүс нутагт энгийн иргэдийг эрүүдэн шүүж байсан талаар баримт ил болжээ

Украины зүүн хойд хэсэгт сөрөг довтолгоогоо эхлүүлсэн тус улсын арми нутаг дэвсгэрийнхээ 6000 хавтгай дөрвөлжин км газрыг эргүүлэн авч, Оросын цэргийг хөөн гаргасан байна. Гэвч Оросын армиас чөлөөлөгдсөн бүс нутагт тайвшрал, уй гашуу аль аль нь байгааг тус бүс нутагт ажиллаж байгаа олон улсын хэвлэл мэдээллийн байгууллагууд мэдээлжээ.

Оросын зэвсэгт хүчний хяналтад байсан хот тосгодод олон сарын турш энгийн номхон иргэд эрүү шүүлт, хүчирхийлэлд өртөж байсан талаар баримтууд чөлөөлөгдсөний дараа ил болдог.. 

Харьков мужийн Балаклия хотод амьдарч байгаа иргэд “BBC” агентлагт мягмар гарагт өгсөн ярилцлагадаа “Оросын цэргүүд тус хотын иргэдийг 40 гаруй хоног хорьсон төдийгүй цахилгаанд цохиулж тарчлаан зовоож” байсан гэжээ.

Мөн Орос цэргүүд тус хотын эмэгтэйчүүдийг сургууль, цэцэрлэгийн байранд хорьж, биеийн болон бусад олон төрлийн хүчирхийлэл үйлдэж байсан төдийгүй, Украины цэргүүд тус хотыг чөлөөлөхөөс өмнө Орос цэргүүд иргэдийн үнэ цэнэтэй тавилга, цахилгаан бараа, үнэт эдлэл зэргийг дээрэмдэн зугтаасан байна.

Украины зэвсэгт хүчин хотыг чөлөөлсний дараа иргэд ядарч, цөхөрсөн харагдаж байсан ч гудамжинд гарч бие биенээ тэврэн баярын нулимс унагаж байжээ. Одоо Украины Харьков хотын ойр орчмын жижиг хот тосгодод ундны ус, хүнсний хангамжийг хүргэж эхэлжээ.