“NETFLIX”, “HBO”, “WARNER BROS”, “PARAMOUNT PICTURES” зэрэг дэлхийн томоохон компанийн төлөөлөл Монгол улсад ирлээ
Монгол улсад 2021 онд “Кино урлагийг дэмжих тухай хууль” батлагдаж,  2022 оны 1-р сараас эхлэн хэрэгжиж эхэлсэн. Хууль хэрэгжиж эхэлснээр манай улс дэлхийн хэмжээний томоохон продакшн, студитэй хамтран ажиллах боломжтой болжээ. Энэ хүрээнд “CNN”, “Netflix”, “HBO”, “Warner Bros”, “Paramount Pictures” зэрэг томоохон продакшнуудын продюсерууд Монгол улсад хүрэлцэн ирээд байна. 

 

Ах дүү Люмьер галт тэргээ уухичуулан давхисаар кино хэмээх өртөөнд анх ирснээс хойш 41 жилийн дараа буюу 1936 онд Монгол улсад ЗХУ-ын дэмжлэгтэйгээр “Монгол хүү” киног бүтээсэн нь анхны Монгол кино болон түүхэнд тэмдэглэгджээ. Хэдийгээр Монгол улс кино урлагт хожуу хөл тавьсан ч уран бүтээлчдийн оюуны чадамжаар хөгжлийн хувьд дэлхийгээс дутахгүй яваа юм.

2022 оны 1-р сараас эхлэн “Кино урлагийг дэмжих тухай хууль”-тай болсноор уран бүтээлчдийн нуруун дээрх ачааг хөнгөлж төрөөс кино урлагийг бодлогоор дэмжих боломжтой болсон. Кино урлагийн тухай хуулийн дагуу кино урлагийн зөвлөл байгуулагдан олон улсын хамтын үйл ажиллагааг нэн түрүүний зорилгоо болгожээ. Энэ хүрээнд “CNN”, “Netflix”, “HBO”, “Warner Bros”, “Paramount Pictures”, “Discovery”, “National Geography”, “Living Films”, “MTV” зэрэг дэлхийн томоохон студи, продакшн, компанийн продюсер болон удирдлагууд Монгол улсад хүрэлцэн ирээд байна. 

Эдгээр уран бүтээлчид Монголын шилдэг кино бүтээгчид, найруулагч, продюсерүүдтэй хамтарсан уран бүтээл хийх тухай санал солилцох, уран бүтээлчдийг дэмжих уулзалтанд оролцох юм байна.

Дэлхийн хэмжээний томоохон продакшнуудын продюсер болон удирдлагууд 9-р сарын 19-ны өдрийг хүртэл Монгол орны үзэсгэлэнт байгаль, өвөрмөц тогтоц бүхий газар нутгийг үзэж, олон улсын туршлага судлах зэрэг ажлыг Соёлын яам, Кино урлагийн зөвлөл хамтран зохион байгуулах юм.