Германы Канцлер Олаф Шольц ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин нар мягмар гарагт утсаар ярьжээ

Өчигдөр буюу мягмар гарагт Германы Канцлер Олаф Шольц, ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин нар 90 орчим минут утсаар ярьжээ. Олаф Шольц Путинтэй утсаар ярих үеэрээ ОХУ-ыг цэргийн тусгай ажиллагаагаа зогсоож, Украинаас цэргээ татахыг уриалсныг тус улсын засгийн газрын хэвлэлийн төлөөлөгч өнөөдөр мэдэгджээ. 

Канцлер Олаф Шольц ОХУ-ын ерөнхийлөгчид хандан Украины цэргийн сөрөг давшилт болон дайны үр дагаврыг харгалзан үзэж, асуудлыг аль болох хурдан, дипломат аргаар шийдвэрлэх арга хэмжээ авахыг шаардсан  гэж Германы засгийн газрын хэвлэлийн төлөөлөгчийн мэдээлсэн байна. Орчим 90 минут утсаар ярихдаа Шольц нэн даруй гал зогсоох шаардлагатайг онцлон, оросын цэргийг Украины нутгаас бүрэн гаргахыг шаардаж, Украины нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, бүрэн эрхт байдлыг хүндэтгэхийг Путинд уриалжээ. "Украины нутаг дэвсгэрийг эзлэн түрэмгийлэх гэсэн оросын цаашдын алхам нь ямар ч үр дүнгүй бөгөөд ямар ч нөхцөлд хүлээн зөвшөөрөгдөхгүй гэдгийг канцлер онцолсон" хэмээн Бундестагийн хэвлэлийн төлөөлөгч мэдээлжээ.

Түүнчлэн утсаар ярих үеэрээ Олаф Шольц Украины Запорожье атомын цахилгаан станцын аюулгүй байдлыг хангах шаардлагатайг онцолж, НҮБ-ын дэмжлэгтэйгээр үр тарианы хэлэлцээрийг үргэлжлүүлэн хэрэгжүүлэхийг Владимир Путинд уриаллаа гэж Бундестагийн хэвлэлийн төлөөлөгч нэмж мэдээлсэн байна.