Дэлхий даяар өнгөрсөн долоо хоногт коронавирусийн халдварын улмаас нас барсан тохиолдлын тоо 2020 оны 3-р сараас хойших хамгийн бага үзүүлэлтэд хүрсэн нь дэлхий дахиныг хамран багагүй хугацаанд үргэлжилсэн дэгдэлтийн “Эргэлтийн цэг” болох төлөвтэй байгааг харуулж байна хэмээн Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын тэргүүн лхагва гарагт мэдэгджээ.
ДЭМБ-ын тэргүүн Тедрос Адханом Гебрейесус мэдэгдэхдээ, дэлхий дахин “Ковид-19”-ийн халдварыг зогсооход үүнээс илүү амжилтад хүрч байгаагүй, барианы шугам ойртож байгаа ч тайвширч болохгүй хэмээгээд, энэ чиглэлд гаргах хүчин чармайлтыг марафон гүйлтийн тамирчин барианы шугамд дөхөн ирсэнтэй зүйрлэн ярьжээ.
ДЭМБ-аас нийтэлдэг “Ковид-19”-ийн халдварын тархалтын талаарх долоо хоног тутмын тайланд дурдсанаар, өнгөрсөн долоо хоногт дэлхийн хэмжээнд халдварын улмаас 11 мянга гаруй хүн нас барсан нь өмнөх долоо хоногийнхоос 22 хувиар буурсан үзүүлэлт юм. Мөн дэлхийн өнцөг булан бүрд халдварын шинэ тохиолдлын тоо олон долоо хоног дараалан үргэлжлэн буурч, өнгөрсөн долоо хоногт халдварын 3.1 сая тохиолдол шинээр илэрсэн нь өмнөх 7 хоногоосоо 28 хувиар буурсан үзүүлэлт болсон байна.
ДЭМБ-ын тэргүүн үргэлжлүүлэн мэдэгдэхдээ “Хэрэв бид яг одоо уг боломжийг ашиглаж чадахгүй бол цаашид илүү олон хувилбар шинээр үүсэх, илүү олон хүн нас барах, улам тодорхойгүй байдал үүсэх эрсдэлтэй байна” хэмээн цохон тэмдэглэжээ.