БНХАУ-ын дарга Ши Жиньпин Төв Азийн улсуудад айлчлал хийж байна

БНХАУ-ын дарга Ши Жиньпин сүүлийн 1000 гаруй хоног хилийн чанадад айлчлал хийгээгүй юм. Тэгвэл Барууны орнуудтай сөргөлдөөн нэмэгдэж байгаа энэ үед Хятадын нөлөөллийг дэлхий дахинд бататгахын тулд Ши Жиньпин Төв Азийн улсуудад гадаад айлчлал хийж байна гэж “Ройтерс” агентлаг уламжилжээ. Айлчлалын хүрээнд Хятадын удирдагч өнгөрсөн лхагва гарагт Казахстанд төрийн айлчлал хийсэн бол өнөөдөр Узбекистан улсад хүрэлцэн очиж Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын дээд хэмжээний уулзалт эхлэхээс өмнө Оросын зэвсэгт хүчин Украин руу халдан довтолсноос хойш анх удаа Владимир Путинтэй Самарканд хотод биечлэн уулзах товтой байна.

Оросын цэрэг Украин руу халдан довтлохоос долоо хоногийн өмнө буюу 2022 оны 2-р сарын 17-нд Бээжин хотод зохион байгуулагдсан өвлийн олимпын наадмын үеэр Орос, Хятадын удирдагчид биечлэн уулзаж “Хязгааргүй” найрамдалт харилцаагаа зарласан бол Украины дайн эхэлснээс хойш ч Бээжингийн эрх баригчид Москватай харилцаагаа үргэлжлүүлэн бэхжүүлэхээ амлаад байгаа юм.

Украины сөрөг давшилт амжилттай хэрэгжиж эхэлснээс хойш дайны давуу байдал Киевийн талд шилжиж эхэлсэн үед өөрийн хамгийн ойрын холбоотон Ши Жиньпинтэй уулзах нь В.Путинд нэн шаардлагатай дипломат дэмжлэг болно гэж ажиглагчид үзэж байна.

Өрнөдийн улс орнуудын хэрэгжүүлж байгаа гадаад бодлого, АНУ тэргүүтэй улсуудын эвслийн эсрэг хүчний тэнцвэрт байдал гаргаж буйгаа үргэлж мэдэгддэг Хятад улсын хувьд стратегийн гол түнш нь ОХУ байгаа төдийгүй дэлхий дахинд өөр дэг журмыг бий болгох алсын хараатай хэвээр гэдгийг ажиглагчид онцолжээ.

Энэтхэгээс Иран хүртэлх улс орнуудыг эгнээндээ нэгтгэсэн Хятад улс тэргүүтэй аюулгүй байдал, эдийн засгийн бүлэг болох Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын дээд хэмжээний уулзалтын хүрээнд Орос Хятадын төрийн тэргүүнүүдийн уулзалт болно. Тэгвэл ирэх сарын 16-нд болох бүх Хятадын коммунист намын 7-р их хурлын өмнө хоёр улсын төрийн тэргүүн уулзаж байгаа нь Ши Жиньпин гурав дахь удаагаа Бээжингийн удирдагчаар тодроход чухал түлхэц болно гэж шинжээчид үзэж байгаа юм.

Ши Жиньпин өнгөрсөн лхагва гарагт Казахстан улсад айлчлал хийсэн бөгөөд түүнийг Кассым-Жомарт Токаев Нур-Султан нисэх онгоцны буудалд тосон авжээ. Айлчлалын үеэр Токаев цар тахлын дараах анхны айлчлалаа Казахстан улсаас эхэлсэнд нь талархлаа илэрхийлж, хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ойтой Ши Жин Пиний айлчлал давхцаж байгаа нь чухал ач холбогдолтой хэмээн дурджээ.

Үүний хариуд Ши Жиньпин “Хятад, Казахстаны харилцаа онцгой ач холбогдолтой. Олон улсын нөхцөл байдал ямар чиглэлд өрнөхөөс үл хамааран Хятадын засгийн газар Казахстан улсын тусгаар тогтнол, газар нутгийн бүрэн бүтэн байдлыг болон одоо хэрэгжиж байгаа шинэчлэлтийг тууштай дэмжиж, хөндлөнгөөс оролцох гэсэн аливаа оролдлогыг эрс эсэргүүцэх болно” хэмээн тодотгожээ.