Монгол улсын нийт гадаад өр 33.8 тэрбум ам.долларт хүрчээ

Монгол улсын гадаад өр өмнөх оны мөн үеэс 0.8 хувь буюу 271.5 сая ам.доллароор өссөн байна. Гадаад өр өсөхөд шууд хөрөнгө оруулалт, компани хоорондын зээл болон бусад салбарын зээлүүд  өссөн нь нөлөөлсөн байна. Хоёр жилийн өмнө Монголын нэг иргэнд 28 сая төгрөгийн өр ноогдож байсан бол өнөөдөр 33 сая болж өсжээ. Монгол улсын нийт гадаад өр 2021 оны эхний есөн сард 33.3 тэрбум ам.доллар болж, 2020 оноос 2.1 тэрбум ам.доллар буюу 6.8%, өсөж байсан байна. Тэгвэл энэ оны эхний хагас жилийн байдлаар 28,5 их наяд төгрөг болж өмнөх оны мөн үеэс 1.4 наяд төгрөгөөр өссөн байна.

Монгол улс Moody's судалгааны байгууллагаас гаргадаг зээлийн кредит үнэлгээгээр “B3” ангилалд буюу эрсдэлтэй зэрэглэлд байна. Энэ нь бусад улсуудаас зээл авах, хөрөнгө оруулалт татахад хүндрэл учирч болзошгүй гэсэн үг юм. Өнөөдрийн байдлаар манай улс дэлхийн 195 орноос 50 улсад өртэй байгаа нь манай улсыг эрсдэлтэй гэж үзэн дахин зээл өгөх улсууд багасаж байгааг илтгэж байна.  Харин биднийг олон улсад төлөөлдөг засгийн газар дангаараа мөн их хэмжээний өртэй байна.

Зээлийн зарцуулалтаас бүх зүйл хамаардаг байна. Өр төлбөрийн үр ашигтай байдал нь яг л зээл авч, бизнесээ өргөжүүлдэгтэй адил ухаалаг зарцуулж чадаж байна уу гэдгээс шалтгаалах юм. Монгол улс шиг хөгжиж буй орнуудад гадаад өр хөрөнгө оруулалт хэлбэрээр орж ирж буй тохиолдолд муу биш ч төсвийн алдагдлыг санхүүжүүлэх, хөшөө дурсгал барих зэрэгт зарцуулагдвал урт хугацаанд эдийн засгийн үр ашиггүй байх нөхцөл үүсэх юм