Х.Батсуурь: 2023 онд Самурай, Евро Бондын өрийг төлж чадахгүй байх нөхцөлд орох эрсдэлтэй

Ковид-19-ийн нөхцөл байдлын улмаас Монгол улсын эдийн засгийн өсөлт удаашраад байсан. Мөн Хойд, Өмнөд хөршийн нөхцөл байдлаас шалтгаалан 2023 онд эдийн засгийн өсөлт удаашралттай байх магадлалтай байгаа юм. Тэгвэл Азийн Хөгжлийн банкнаас явуулсан судалгаагаар ирэх онд Монгол улсын эдийн засаг 5.6 хувиар өсөх боломжтой гэсэн урьдчилсан таамгийг гаргажээ.

Цар тахлын шуурга дэлхийн эдийн засгийг нэг хэсэгтээ царцаасан гэж хэлж болно. Цар тахлын оргил үетэй харьцуулахад улс орны хөл хорионы дэглэм буурч, аялал жуулчлал болоод эдийн засгийн эргэлт сайжирсан үзүүлэлт гарч байна. Тэгвэл далайд гарцгүй хоёрхон хөрштэй Монгол улсын хувьд Оросын холбооны улсын дайны нөхцөл байдал болоод БНХАУ-ын нэг Хятад бодлогын улмаас бид төсөөлж байсан эдийн засгийн өсөлтдөө хүрэхгүй байх эрсдэлтэй байна.

Угтаа Азийн Хөгжлийн банк болоод Дэлхийн банкнаас гаргасан судалгаанд манай улсын эдийн засаг ирэх онд 5.6 хувь орчмоор өснө гэсэн хүлээлттэй байсан. Тэгвэл эдийн засагчдын зүгээс энэхүү өсөлт нь ирэх онд төлөх Самурай бондын 725 тэрбум төгрөг, евро бондын 500 сая ам.долларыг төлж чадахгүй байх эрсдэл байна.

Хоёр хөршийн нөхцөл байдал болоод уул уурхайн бүтээгдэхүүнээс эдийн засаг нь бүрэн хамаардаг гэж хэлж болох Монгол улсын ирэх жилүүдэд ямар нөхцөл байдалтай байх нь тодорхойгүй байна. Ирэх жилүүдэд төлөх бондын өрийг төлж чадахгүй бол эдийн засаг нь 5.6 хувь өсөх нь эргэлзээтэй асуудал болж байгаа юм.