Кино урлагийг дэмжих тухай хууль анх удаа батлагдсанаар уран бүтээлчид ОУ-ын зах зээлд гарах хууль эрх зүйн орчин бүрдэж байна

Өнгөрсөн онд Кино урлагийг дэмжих тухай хууль анх удаа батлагдсанаар уран бүтээлийн чанар чансаа сайжрах, уран бүтээлчид бүтээлээ дорвитой үнэлүүлэх, зөвхөн Монголдоо гэлтгүй гадагш хүч үзэх хууль эрх зүйн орчин бүрдэж байна гэж үзэж байгаа юм. Тэгвэл өнгөрөгч 7 хоногт дэлхийн тэргүүлэгч кино компаниудын төлөөллүүд манай улсад ирсэн нь Монголын кино урлаг дэлхийд гарах гарцыг нээж өгч байна гэж уран бүтээлчид харж байна. 

Дэлхийн томоохон компанийн уран бүтээлчид Монголын уран бүтээлчидтэй хамтарсан, Монгол уран бүтээлчид оролцсон цөөн тооны бүтээл бий. Тэдний нэг нь Netflix компанийн Марко Поло цуврал. Энэ цувралыг хийхдээ Монгол улсад зураг авах боломжийг судалсан  ч техникийн нөхцөл хангалтгүй тул Казахстан улсад зураг авалт хийгдсэн байдаг. Ингэснээр Казахстаны зах зээлд 26 сая доллар төлсөн байна. Энэ ганц жишээнээс манай уран бүтээлчид олон улсын кино багуудтай эх орондоо хамтран ажиллах нь кино салбарыг хөгжүүлээд зогсохгүй улс орны эдийн засагт ч өндөр үр нөлөөтэйг харж болно. 

Монголын кино урлаг дэлхийн зах зээлд гарахад шаардлагатай эрх зүйн орчин, томоохон кино үйлдвэр зэрэг дэд бүтцийг хувь хүн эсвэл аль нэг мөнгөтэй компани дангаараа шийдэх боломжгүй. Тиймээс ч төр бодлогоор оролцох зайлшгүй шаардлагатай. Энэ ч утгаараа Монголын Кино урлагийн зөвлөл байгуулагдаж, олон улсын хамтын ажиллагааг нэн тэргүүний зорилгоо болгожээ. 

1998 онд найруулагч Д.Төрмөнхийн найруулсан “Нохойн орон” баримтат кино Венец болон Торонтогийн кино наадамд өрсөлдөж, Швейцарийн “Visions Du Réel” хэмээх нэр хүндтэй баримтат кино наадмын дээд шагналыг хүртэж байснаас хойш цөөнгүй уран сайхны болоод баримтад кино дэлхийд тавцанд улсын нэрийг дуурсгаж байжээ. Харин хамгийн сүүлд өчигдөр буюу 9-р сарын 18-ны өдөр “Этгээд” МУСК дэлхийн шилдэг кино наадам болох 29 дэх удаагийн “Internationales Filmfest Oldenburg”-д амжилттай оролцож хамгийн өвөрмөц, зоримог кино шагналын эзэн болжээ.

Манай улсад кино урлаг төрийн тодорхой дэмжлэг, бодлогоор хөгжиж чадвал олон улсын кино зах зээлд эргэлдэх мөнгөн урсгалаас эх орондоо татах, өөрийн орны соёл урлаг, зан заншлыг дэлхийд таниулах өргөн боломжтой гэж уран бүтээлчид болоод холбогдох албаныхан хэлж байна.