ОХУ-тай хиллэдэг Европын холбооны дөрвөн улсад Оросын жуулчид нэвтрэх эрхгүй болжээ

ОХУ-тай хиллэдэг Европын холбооны дөрвөн гишүүн улс даваа гарагт буюу өчигдөр Оросын жуулчдыг түр хугацаагаар эх орондоо нэвтрүүлэхгүй болсноо зарласан байна. Эстони, Латви, Литва болон Польш улс аяллын визтэй, тэр дундаа гуравдагч орны Шенгений визтэй ОХУ-ын иргэдийг нэвтрүүлэхгүй байхаар шийдвэрлэжээ.

“Латви, Литва, Польш улсуудын хамт бид олон нийтийн дэг журам, аюулгүй байдлыг хамгаалахын тулд оросын иргэдийн аялж жуулчлах боломжийг хамтдаа хязгаарлахаар шийдлээ. Эстони улсаар дамжин Европын холбоонд ирэх Оросын жуулчид бидний аюулгүй байдалд эрсдэл учруулахгүй гэдгийг одоо батлах боломжгүй байна" гэж дөрвөн улсын ерөнхий сайд нар мэдэгдсэн байна.

Мөн Европын холбоо руу аялах нь “хүний эрхэнд хамаарахгүй тусгай эрх юм, бид бүс нутгийн тохиролцоонд хүрсэн. Одоо бид Оросын иргэдэд зориулсан аялал жуулчлалын хоригийг Европын холбооны хэмжээнд хэрэгжүүлж эхлэхийн тулд үргэлжлүүлэн ажиллана" гэж  дээрх 4 улсын ерөнхий сайд нар мэдэгджээ.

Уг хязгаарлалт нь ОХУ-ын бүх иргэнд хамаатай юм байна. Оросууд зөвхөн Шенгений бүсэд амьдардаг гэр бүлийн гишүүдтэйгээ уулзахаар эсвэл насанд хүрээгүй хүүхдүүдийг нь хамт өсгөж буй хүнтэйгээ уулзахаар хилээр нэвтэрч болно. Бусад тохиолдолд эдгээр 4 улсад зорчих боломжгүй болсон байна.

Дөрвөн улс өнгөрсөн сард Европын холбооны эрх баригчдын гаргасан Москватай хийсэн визийн хөнгөлөлтийн хэлэлцээрийг түдгэлзүүлэх шийдвэрээс гадна ийм шийдвэр гаргасан нь Европын холбооны гишүүн 27 улсад нэвтрэхийг хүсэж буй Оросуудын хувьд ноцтой хүндрэл учруулна гэж шинжээчид үзэж байна.