Ливан улсын банкнууд үүдээ барьж, иргэд нь хадгалуулсан мөнгөө авахын тулд дээрэм үйлдэж байна

Эдийн засгийн гүн хямралд нэрвэгдсэн Ливан улсын эрх баригчид иргэдийнхээ валютын дансыг царцааснаас үүдэлтэйгээр эмх замбараагүй байдал үүсээд байна. Тиймээс тус улсын эрх баригчид банкнуудыг хэд хоногтоо хаах шийдвэр гаргажээ. Өмнө нь тус улсын иргэд валютын хадгаламжаасаа мөнгөө авахын тулд банк дээрэмдэх хэрэг цөөнгүй гараад байсан юм.

Өнгөрсөн долоо хоногт тоглоомон гар буугаар зэвсэглэсэн эмэгтэй Ливаны нэгэн банкийг дээрэмдсэн хэрэг гарчээ. Гэр бүлийнх нь гишүүн гадаад улсад яаралтай мэс засал хийлгэх шаардлагатай болсон тул өөрийн валютын хадгаламжаа авахын тулд ийнхүү дээрэм үйлдсэн байна. Уг үйл явдлын дараагаар Ливан улсын өнцөг булан бүрд үүнтэй ижил дээрмийн хэргүүд удаа дараа үйлдэгдсэн тул эрх баригчид нь аргагүйн эрхэнд банкнуудыг 4 хоногийн турш хаах шийдвэр гаргажээ.

Ливан улс эдийн засгийн гүн хямралд өртөж, хүн амынх нь 80 гаруй хувь хоол хүнс, эм тариа, шатахуунаа худалдан авахын төлөө тэмцэхэд хүрч байна. НҮБ-ын мэдээлснээр Ливан улсын хүн амын 75 хувь нь нэн ядуу ангилалд шилжээд байгаа юм байна. 2019 оноос хойш тус улсын банкнууд гадаад валютыг бэлнээр авахад хатуу хязгаарлалт тогтоогоод байсан юм. Ингэснээр иргэд хадгаламжаасаа өдөрт хамгийн ихдээ 200 ам.доллар авах эрхтэй болсон нь эцэстээ иргэдийн бухимдал төрүүлж, улмаар банкнууд үүд хаалгаа барихад хүргэлээ гэж мэдээлж байна.