Энэ онд геологи, хайгуулын салбарт 27.7 тэрбум төгрөг зарцуулна

Хайгуулын тусгай зөвшөөрлийн тоо сүүлийн жилүүдэд буурсан гэж ашигт малтмал, газрын тосны газрын тайланд дурджээ. Энэ нь том орд шинээр нээгдэх магадлал багасаж байгааг илтгэж байгаа юм. Тэгвэл засгийн газрын зүгээс 2024 он гэхэд улсын хэмжээнд хайгуулын тусгай зөвшөөрлийг хангалттай олгож уул уурхайн томоохон ордууд илрүүлэх ажлыг эрчимжүүлэх зорилт тавин ажиллаж байна. Мөн энэ онд нийт 27.7 тэрбум төгрөгийг геологи хайгуулын салбарт зарцуулахаар өнгөрсөн 2-р сард хийгдсэн  төсвийн тодотголоор төсөвт суулгаж өгсөн байна. Тэгвэл энэхүү санхүүжилтээр нийт 56 төсөл хөтөлбөрийг санхүүжүүлэх юм байна. Нийт өртгийн 12.1 тэрбум төгрөгөөр геологийн зураглал, ерөнхий эрлийн ажил болон бусад ажлууд, үлдсэн 15 тэрбум төгрөгийг геологийн сэдэвчилсэн судалгаа болон ашигт малтмалын эрэл үнэлгээ, хэтийн төлөвийн судалгаанд зарцуулахаар төлөвлөсөн байна. Энэ онд манай улс нийт 400 хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоор ажиллаж байгаа юм.  Дөрөвдүгээр сард тусгай зөвшөөрөл олгох ажил эхэлсэн ч одоогоор түр зогсоод байгаа юм байна. Харин энэ сардаа багтаад тусгай зөвшөөрлийн талбайг зарлах хүлээлттэй байна.

Сүүлийн жилүүдэд уул уурхайн салбарт орж ирэх хөрөнгө оруулалтын хэмжээ  буурсаар байна. Иймд энэ салбарын хайгуулын тусгай зөвшөөрлийг нэмэгдүүлж томоохон хэмжээний ордуудыг илрүүлэх ажлыг эрчимжүүлэх шаардлага тулгарсаар байна. Иймд 2022 оны байдлаар геологийн салбарт баримталж байгаа гол хоёр журмыг шинэчлэн батлуулаад байгаа юм. Үүний нэг нь улсын төсвийн хөрөнгөөр хэрэгжүүлэх геологийн судалгааны ажлыг санхүүжүүлэх, гүйцэтгэх, үр дүнг тооцох журмыг шинэчлэн боловсруулсан байна.

Түүнчлэн хайгуулын тусгай зөвшөөрлийн "статус"-ыг илүү баталгаатай болгох шаардлагатай байгаа юм. Орон нутгийн захиргаа, иргэд төрөөс тухайн компанид нэгэнт олгосон тусгай зөвшөөрлийг эсэргүүцэж ямар ч үнэ цэнэгүй зүйл болгож, улмаар хайгуулын компаниуд ажлаа хийх боломжгүй нөхцөлд орох нь олон гардаг. Иймд иргэдэд мэдээ мэдээллийг сайтар өгч ойлгуулах ажлыг мөн хийх хэрэгтэй юм байна.

Мөн уул уурхайн салбарын  цаашдын хөгжлийн төлөвлөгөө, газрын доорх усны тэжээлийг нэмэгдүүлэх болон хайгуулын өрөмдлөгийн шинэ технологи зэрэг асуудалд анхаарлаа хандуулах хэрэгтэй байгаа юм.