Украины 3.7 сая тонн үр тариаг тээвэрлэж байна

НҮБ болон Туркийн зуучлалтайгаар ОХУ-ын талтай байгуулсан Украины үр тариаг экспортлох гэрээний хүрээнд 3.7 сая тонн хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн зорилтот хэрэглэгчдэдээ хүрэхээр болжээ. “9-р сарын 18-ны өдөр эхний ээлжийн 200 мянган тонн хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн ачсан 10 хөлөг онгоц Одесс, Черноморск, Южный боомтуудаас хөдөллөө” хэмээн Украины дэд бүтцийн яамнаас мягмар гарагт мэдэгджээ.

ОХУ-ын зэвсэгт хүчин хар тэнгисийн боомтуудыг хяналтдаа оруулсны дараа Украины үр тарианы экспорт буурч, улмаар дэлхийн хүнсний бүтээгдэхүүний үнэ өсөн, Африк болон Ойрх Дорнодод хомсдол үүсэх вий гэх болгоомжлол бий болоод байсан юм. Дэлхийн үр тарианы томоохон экспортлогч орон болох Украин улс дайн эхлэхээс өмнөх сард буюу энэ оны хоёрдугаар сар хүртэл сард дунджаар 6 хүртэлх сая тонн үр тариа гадагш тээвэрлэдэг байжээ. Тэгвэл Москва, Киевийн эрх баригчдын өнгөрөгч 7-р сарын 22-нд байгуулсан гэрээний дагуу хар тэнгисийн гурван боомтыг дахин нээсэн бөгөөд эдгээр боомтуудаас сард дунджаар 100-150 хөлөг онгоцоор 500 мянган тонн үр тариаг тээвэрлэх боломжтой юм байна.

Мөн Украины эрх баригчид хуурай газрын тээвэр, логистикийн гарцаа нэмэгдүүлж Польш, Молдав улсуудаар дамжуулан Европын хэрэглэгчдэд бордоо, үр тариа хүргэх ажлыг эхлүүлээд байгаа талаараа мэдээлжээ. Түүнчлэн Франц, Румын улсуудын тээврийн сайд нар Украины үр тарианы гарцыг Европ руу чиглүүлэхэд туслах гэрээнд гарын үсэг зурсан байна. Товчхондоо Украины хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний зах зээлийг Европ руу тэлэх зорилготой байгааг талууд мэдэгдэж байна.