Кремлийн тэргүүн Владимир Путин ард иргэддээ хандан хэлэхдээ, “Дайчилгааны үйл ажиллагаа лхагва гаргаас эхлэнэ. Украинд явуулж байгаа цэргийн тусгай ажиллагаанд үнэлэлт дүгнэлт өгч, хяналтдаа оруулсан нутаг дэвсгэрийн аюулгүй байдлыг хангахад бүхий л хүчин чармайлтаа бид зориулна. Зөвхөн нөөцөд байгаа иргэд, хамгийн түрүүнд зэвсэгт хүчинд алба хааж байсан, тодорхой цэргийн мэргэжил эзэмшсэн, зохих туршлагатай хүмүүсийг цэргийн албанд татна” хэмээн цохон тэмдэглэжээ. Тэрээр мэдэгдлээ эхлүүлэхдээ 2-р сарын 24-нд Украин руу довтлох шийдвэрээ зөвтгөсөн үндэслэлүүдийг дахин дахин давтсаар байжээ. Путин өнөөгийн байлдааны нөхцөл байдлын талаар хэлэхдээ, “Бүгд найрамдах луганск ард улс неонацистуудаас үндсэндээ бүрэн цэвэрлэгдсэн. Бүгд Найрамдах Донецк Ард улсад тулаан үргэлжилж байна. Энд найман жилийн туршид Киевийн эзлэн түрэмгийлэгчдийн дэглэм урт хугацааны бэхлэлтийн гүн гүнзгий цуваа шугамыг бий болгосон. Тэдэн рүү халз дайрах нь асар их алдагдал хүлээхээр байсан тул манай цэргүүд болоод Донбасс дахь Бүгд Найрамдах улсуудын цэргийн ангиуд системтэй, чадварлаг ажиллаж, техник хэрэгслийн тусламжтайгаар, бие бүрэлдэхүүнээ хамгаалж, донецкийн газар нутгийг үе шаттайгаар чөлөөлж байна” хэмээн дурджээ.
Түүнчлэн тус улсын ерөнхийлөгчийн мэдэгдэлтэй холбогдуулан ОХУ-ын Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу “ОХУ-д цэрэг, зэр зэвсгийн асар их нөөц бий. Нөөцөд байгаа байлдаанд шууд оролцоход бэлэн 300 мянган иргэнийг дайчлахаар төлөвлөж байна.” гэж мэдэгдсэн байна.
Владимир Путины хийсэн мэдэгдэлтэй холбоотойгоор лхагва гарагт Оросын агаарын болон хуурай газрын хил гарах улс хоорондын тээврийн ирэх гурван сарын бүх тасалбар худалдаалагдаж дууссаныг холбогдох албанаас мэдээлж байна. Мөн нисэх болон төмөр замын буудлын ачаалал энгийн өдрийхөөс 3 дахин нэмэгдэж, улс доторх хөл хөдөлгөөн ч эрс нэмэгдсэн байна.
Оросын 30 гаруй хотуудад Владимир Путины хийсэн мэдэгдлийг эсэргүүцсэн иргэдийн жагсаал өрнөж байна. Эсэргүүцлийн жагсаалд оролцсон 1500 орчим залуусыг баривчлаад байгааг өрнөдийн хэвлэлүүд онцолжээ. ОХУ-ын хууль сахиулагчид Украинд явуулж байгаа цэргийн тусгай ажиллагааг эсэргүүцсэн аливаа үйлдэл, жагсаал, цуглааныг эх орноосоо урвасанд тооцож байгаагийн сацуу ахлах, дунд ангийн сурагчид хүртэл лоозон цаас барьж зогсох эрхгүй болсныг хүний эрхийн байгууллагууд хурцаар шүүмжилж байна.
Хууль сахиулах байгууллагын зөвшөөрөлгүйгээр жагсаал, цуглаан зохион байгуулж, цэргийн тусгай ажиллагааны талаар худал мэдээлэл тарааж, бусдыг уриалан дуудсан тохиолдолд 6-15 хүртэлх жилийн ял оноож буйг Оросын Ерөнхий прокурорын газраас иргэддээ анхааруулжээ.