Иргэд хөнгөлөлттэй эм авахдаа үнийн  30 хувийг төлдөг байсан бол одоо үндсэн үнийн 70 хувийг төлж байна

ЭМДС-аас 600 орчим нэр төрлийн эмийг эрүүл мэндийн даатгалын хөнгөлөлттэй  үнээр олгодог байна. Тэгвэл тэрхүү хөнгөлөлтийг эдэлж буй иргэдийн 72 хувь нь тэтгэврийн насны ахмадууд байдаг.  Иргэд хөнгөлөлтөөр эм авахдаа үнийн  30 хувийг төлж авдаг байсан ч хөнгөлөлттэй эмийн жагсаалт шинэчлэгдсэнээр  иргэд зарим эмийн үндсэн үнийн 70 хувийг төлөх шаардлагатай болжээ.

Шинэчилсэн тогтоолын төсөлд худалдааны нэрийн 543 эм багтсанаас 24 нэр төрлийн эмийг 100 хувь хөнгөлөлтөд оруулсан байна. Үүнд ахмад настнуудын  зонхилон хэрэглэдэг  зүрх судас, чихрийн шижин, уушгины эмгэг болон хавдрын үеийн эмүүд багтаж байна.

Сүүлийн үед гадна дотны эмийн  сонголт болоод хангамж харьцангуй сайжирсан тул үүнийг дагаад иргэдийн эмийн хэрэглээ ч нэмэгдсэн. Мөн  иргэд ихэнхдээ мэргэжлийн эмчид үзүүлэлгүйгээр, дур мэдэн өөртөө онош тавьж, хөнгөлөлттэй эм худалдан авах нь ихэсчээ. 

Хөнгөлөлттэй эмийн жагсаалтад орох эмийн нэр төрлийг сонгохдоо Монгол улсын хүн амын дунд нийтлэг тохиолддог, даатгуулагчийн эрүүл мэндээс үүдсэн өвчин эмгэгт тохирох эмийг сонгодог байна.