Ковид-19 цар тахлаас үүдэлтэй эдийн засгийн хүндрэлээс шалтгаалан бизнесийн салбарын арван компанийн наймынх нь үйл ажиллагаа доголдсон хэвээр байна. Хэдий нөхцөл байдал хүнд байгаа ч гадны хөрөнгө оруулагчид манай улсыг зорьсоор байна. Тэд жижиг, дунд үйлдвэрийн салбарыг багагүй сонирхож байна гэж мэргэжлийн байгууллагаас хэлж байна.
2020 оны арван нэгдүгээр сараас хойш жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийг дэмжих төвөөс таван удаагийн судалгаа хийсэн байна. Судалгааны дүнд, уг салбарын 96 хувь нь санхүүгийн эрсдэлд өртсөн нь тогтоогджээ. Мөн тэдгээрийн 95 хувьд нь тус хүндрэлийг давахад зайлшгүй нэмэлт санхүүжилт хэрэгтэй байгаа нь тогтоогдсон байна.
Монгол улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгч байгууллагуудын 70 орчим хувь буюу 43,236 нь нийслэл хотод үйл ажиллагаагаа явуулж байна. Эдгээрт 674 мянга гаруй ажилтан хөдөлмөр эрхэлж байгаа бөгөөд тус салбар нь “Ковид-19” цар тахлын нөлөөнд хамгийн их өртжээ. Ингэснээр тэдний орлого 50 гаруй хувиар багассан байгаа юм. Хэдий ийм боловч манай улсын эдийн засгийг ойрын хугацаанд сэргэнэ гэж гадаадын хөрөнгө оруулагчид үзэж байна. Тиймээс манай улсыг зорих болсон энэ цаг үед цар тахлын нөлөөгөөр хүнд байдалд байгаа салбарууддаа хөрөнгө оруулалт татах нь чухал байна.