АНУ-д хорт хавдрын улмаас нас барж буй иргэдийн тоо жил бүр тогтмол буурч, эдгэрч буй иргэдийн тоо нэмэгджээ

АНУ-ын хавдар судлалын нийгэмлэгээс өнгөрсөн пүрэв гарагт нийтэлсэн тайланд дурдсанаар тус улсад урьд өмнө бүртгэгдэж байгаагүй олон хүн хорт хавдрыг ялан дийлсэн буюу эдгэрчээ. Тухайлбал, сүүлийн гурван жилийн хугацаанд буюу 2018-2021 оны хооронд АНУ-д хорт хавдраар оношлогдоод эдгэрсэн хүний тоо нэг саяд хүрчээ. 2015 оноос өмнөх гурван жилийн үзүүлэлттэй харьцуулахад энэ нь эерэг үзүүлэлт юм.

Энэ оны 1-р сарын байдлаар АНУ-д хорт хавдраар оношлогдоод эдгэрсэн хүний тоо нийтдээ 18 саяд хүрсэн төдийгүй 2040 он гэхэд уг үзүүлэлт 26 саяд хүрэх тооцооллыг АНУ-ын Хавдар судлалын нийгэмлэгээс гаргажээ. Тэгвэл АНУ-ын халдварт өвчинд хяналт тавих, урьдчилан сэргийлэх төв болон хавдар судлалын нийгэмлэгийн судлаачид 1971 оноос хойш хорт хавдартай холбоотой бүх эерэг болон сөрөг статистик мэдээллийг цуглуулж,  бүртгэлийг нь хөтөлж эхэлжээ. 1971 онд гаргасан анхны тайланд өгүүлснээр Нэгдсэн улсын гурван сая иргэн хорт хавдраар өвчилсөн ч эдгэрсэн хүний тоо дөнгөж 250 байжээ. АНУ-д 1970-аад онд хорт хавдраар өвчилсөн иргэдийн амьд гарах магадлал 40-өөс доош хувьтай байсан бол 2020 онд уг үзүүлэлт 70-аас дээш хувьд хүрснийг эрдэмтэн судлаачид нь мэдээлжээ.

Мөн хорт хавдраас үүдэлтэй нас баралтын тоо ч дээрх хугацаанд буурсан байна. Тухайлбал, 1970-1990 оны хооронд хорт хавдрын улмаас амиа алдсан хүний тоо жилд дунджаар 700-900 мянга байсан бол 1990-2019 оны хооронд уг үзүүлэлт буурч жилд дунджаар 400-600 мянгад хүрчээ.

Хорт хавдрын зорилтот эмчилгээ, дархлаа дэмжих эмчилгээ болон эмнэл зүйн хувьд хэрэглэж байгаа бусад эмчилгээний шинэ дэвшилтэт аргууд нь суурь шинжлэх ухаанд оруулж байгаа хөрөнгө оруулалт нэмэгдсэнтэй холбоотойгоор одоогоос 50 жилийн өмнөхөөс бүрэн өөрчлөгдөж, шинэчлэгдэж чадсан гэж АНУ-ын Хавдар судлалын хүрээлэнгийн эрдэмтэд мэдэгджээ. Хамгийн энгийн жишээгээр тайлбарлавал тус улсын хүнс эмийн чанарын хяналтын газрын захиргаа сүүлийн хоёр сарын хугацаанд хорт хавдрын найман эмийг шинээр баталж хэрэглээнд нэвтрүүлэн, шинэ төрлийн хорт хавдрын эхний шатны эмчилгээнд ууж хэрэглэх 10-аад төрлийн эмийг зах зээлд гаргах зөвшөөрлийг олгосон байна. Түүнчлэн хоёрхон сарын хугацаанд хорт хавдрыг илрүүлэх шинэ төрлийн хоёр дүрс оношилгооны аппаратыг хэрэглээнд нэвтрүүлсэн байна.

Хүүгээ тархины хорт хавдрын улмаас алдсан Цагаан ордны тэргүүн Жо Байден ирэх хоёр жилийн хугацаанд ийм төрлийн нас баралтыг хоёр дахин бууруулах амлалт өгөөд байгаа юм.