Японы ерөнхий сайд асан Абэ Шинзотой салах ёс гүйцэтгэх төрийн оршуулгын ёслол удахгүй болох юм. “Ковид-19”-ийн халдвар тархахаас урьдчилан сэргийлэх үүднээс энэ ёслолд оролцох гадаадын төр, засгийн тэргүүн нар болон бусад зочид, төлөөлөгчдөд амны хаалт зүүхийг уриална гэж Японы сайд нарын танхимын ерөнхий нарийн бичгийн дарга мэдэгджээ.
Энэхүү хүсэлт, мэдэгдэл нь Их Британийн Лондон хотноо даваа гарагт болсон хатан хаан II Элизабетыг оршуулах ёслолд оролцсон хүмүүс, тэр дундаа Японы эзэн хаан Нарүхито, хатан Масако нар амны хаалт зүүлгүй ёслолд оролцсонтой харьцуулахад эрс ялгаатай байгаа юм. Хэдийгээр Японд “Ковид-19” халдварын шинэ тохиолдлын тоо буурч байгаа ч засгийн газраас барилга байгууламж дотор байхдаа амны хаалт зүүхийг олон нийтэд уриалж байгаа юм. Энэ сарын 27-нд Японы нийслэл Токио хотын “Ниппон Бүдокан” ордонд болох Абэ Шинзогийн оршуулгын төрийн ёслолд 217 улс орон, бүс нутаг, олон улсын байгууллага төлөөлөгчдөө илгээхээр төлөвлөж байна. Түүнээс 116 нь хилийн чанадаас, 101 нь Япон улс дахь элчин сайдын яамд, төлөөлөгчийн газрын төлөөллүүд байх юм гэж тус улсын Гадаад хэргийн яамнаас мэдээлжээ. Тус яамнаас танилцуулсан оршуулгын ёслолд оролцох хүмүүсийн жагсаалтад АНУ-ын дэд ерөнхийлөгч Камала Харрис, Канадын ерөнхий сайд Жастин Трюдо, БНСУ-ын ерөнхий сайд Хан Док Су, Вьетнамын ерөнхийлөгч Нгуен Суан Фук тэргүүтэй төлөөлөгчид багтсан байна.