ДЭМБ-аас эмнэл зүйн судалгаа хийсний үр дүнд сүрьеэ өвчнийг есөн сарын хугацаанд эмчлэх боломжтой боллоо

Манай улс сүрьеэ өвчний тархалт өндөртэй 30 орны тоонд багтдаг. Уг өвчин эмд дасалтай учраас хоёр жилийн хугацаанд эмчлэгддэг байна. Харин ДЭМБ-аас эмнэл зүйн судалгаа хийсний үр дүнд сүрьеэ өвчнийг есөн сарын хугацаанд эмчлэх боломжийг бүрдүүлжээ. Ингэхдээ энэ өвчний үед хэрэглэх бүх тарилгыг халж, дан ганц эмээр эмчилдэг болох юм байна. 

Дэлхийд сүрьеэ өвчнөөр жилд нэг сая зургаан зуун мянган хүн өвчилдөг. Харин манай улсад жилд дунджаар 13.000-14.000 хүн энэ өвчнөөр өвчилдөг гэсэн тоо мэдээ байгаа юм, гэвч илрүүлэг үзлэгээс хамааран ердөө гурваас дөрвөн мянган өвчлөлийг илрүүлж байна. Үүнээс харахад далд хэлбэрийн сүрьеэ нийгэмд өндөр тархалттай байгаа юм.

Сүрьеэ өвчнийг эрт илрүүлж, оношлох нь маш чухал байдаг. Зарим иргэд нийгмээс тусгаарлагдахаас эмээж, нуун дарагдуулдгаас болж өвчин  нь хүндэрч, эмчлэгдэхээсээ нэгэнт өнгөрсөн хойно эмчид ханддаг байна. Сүүлийн таван жилийн хугацаанд нийт 1103 хүн нас барсан байна.

Цар тахлын нөхцөл байдлаас үүдэн манай улс дахь сүрьеэ өвчний илрүүлэг, оношилгоо буурсан ч дэлхийн жишигтэй харьцуулахад ижил түвшинд байгаа юм.