Жолоочид бэлэн мөнгө төлж үйлчлүүлэх нь хэвийн үзэгдэл болсон. Гэвч энэ нь нийтийн тээврийн салбарт багагүй алдагдал учруулдаг тул автобусанд бэлэн мөнгөний лацадсан хайрцаг байршуулахаар төлөвлөж байна.
2015 онд нийтийн тээврийн газраас цахим төлбөрийн төсөл хэрэгжиж, тухайн үед ашиглаж байсан бэлэн мөнгөний хайрцгуудыг хурааж байсан юм. Нийтийн тээврийн салбарт цахим төлбөрийн хэрэгсэл U Money карт нэвтэрсэн ч гэсэн иргэд зарим тохиолдолд жолоочид бэлэн мөнгө өгөх тохиолдол хэвээр байгаа юм.
Харин иргэдийн зүгээс автобусны картыг цэнэглэх цэгүүд хүрэлцээгүйгээс болж автобусанд бэлэн мөнгө төлөх тохиолдол байдаг, бэлэн мөнгөний хайрцаг байршуулахын оронд банкны карт болон гар утсаараа автобусны төлбөрийг төлөх нь илүү оновчтой сонголт гэж үзэж байгаа юм.
Харин нийслэлийн засаг даргын тамгын газрын зүгээс лацадсан бэлэн мөнгөний хайрцгийг байршуулснаар нийтийн тээврийн салбарын алдагдлыг багасгахад чиглэж байна. Өмнө ашиглаж байсан мөнгөний хайрцгуудыг одоо үйлчилгээнд явж байгаа 900 гаруй автобусанд суурилуулахаар болжээ.