Түүх, Соёлын үл хөдлөх дурсгалын хадгалалт, хамгаалалтын нөхцөл байдалд нэгдсэн үнэлгээ хийнэ

Түүх, Соёлын үл хөдлөх дурсгалын тооллогыг таван жил тутамд зохион байгуулахаар хуульчилсан байдаг. Үүний дагуу Соёлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага, Аймаг, Нийслэлийн засаг дарга нар хамтран Түүх, Соёлын үл хөдлөх дурсгалын тооллогыг орон даяар зохион байгуулж байна. Энэ удаагийн тооллого нь хадгалалт, хамгаалалтын нөхцөл байдалд нэгдсэн үнэлгээ хийж, дурсгалын төрөл тус бүрийн эвдрэл, гэмтлийг тодорхойлж байгаараа онцлог болж байна. 

Түүх, соёлын үл хөдлөх дурсгалын улсын тооллогыг анх 2015 онд зохион байгуулсны үр дүнд 9537 дурсгалт газрын 86157 дурсгалыг бүртгэж, дурсгалын бүртгэлийн дугаар, газар зүйн солбицол, гэрэл зураг, товч тодорхойлолтыг цаасан болон цахим хэлбэрээр соёлын өвийн улсын нэгдсэн бүртгэл, мэдээллийн санд хадгалжээ. Үүнээс хойш 7 жилийн дараа буюу энэ онд  хоёр дахь удаагаа явуулж байгаа  тооллогоор нийт бүртгэгдсэн дурсгалуудын хадгалалт, хамгаалалтын нөхцөл байдалд нэгдсэн үнэлгээ хийх, дурсгалын төрөл тус бүрийн эвдрэл, гэмтлийг тодорхойлох ажил хийгдэж байна. 

Дэлхийн улс орнуудын тодорхой цаг үеийн түүхийн томоохон гэрч нь тухайн цаг үед баригдаж байсан хөшөө дурсгал, барилга байгууламж байдаг. Түүхийн хуудас болсон хуучин барилгуудаа сэргээн засварлаж, хадгалан үлддэг олон улсын жишгээр нийслэлийн А бүсэд орших соёлын өв, архитектур, түүх дурсгалын өв гэгдэх Улсын Драмын эрдмийн театр, Дуурь, Бүжгийн эрдмийн театр, Үндэсний Төв номын сан гэх мэт барилгуудыг сэргээн засварлах ажил үе шаттайгаар хийгдэж байна. 

Түүх, соёлын үл хөдлөх дурсгалыг бүртгэж, хамгаалах нь үр хойчдоо түүхээ гэрчлэн үлдээж байгаагийн томоохон илрэл бөгөөд цаашлаад аялал, жуулчлалын салбарт ч чухал нөлөөтэй байна. Түүх, соёлын үл хөдлөх дурсгалын тооллого 10-р сарын 15-ыг хүртэл үргэлжилнэ.