Япон улс ирэх сарын 11-ээс визний болон хилээр нэвтрэх хүний тоог хязгаарлах шийдвэрээ цуцална

Япон улсын ерөнхий Сайд Кишида Фүмио “Ковид-19”-ийн халдварын тархалтыг хязгаарлахын тулд тогтоогоод байсан хилийн хязгаарлалтын арга хэмжээнүүдээ ирэх сарын 11-ээс албан ёсоор цуцалахаар болсноо өнгөрсөн бямба гарагт мэдэгджээ. Тэрбээр АНУ-ын Нью-Йорк хотноо болсон НҮБ-ын ерөнхий ассамблейн чуулганы дараах хэвлэлийн бага хурлын үеэр энэхүү мэдэгдлийг хийжээ.

Япон улсын эрх баригчид ирэх сарын 11-нээс хилийн хязгаарлалт болон визгүй зорчдог улс орнуудуудын жуулчдыг хилээрээ саадгүй нэвтрүүлэх болсноо албан ёсоор мэдэгджээ. Тус улсад “Ковид-19”-ийн халдварын тархалтыг хяналтад авахын тулд сүүлийн хоёр жил гаруйн хугацаанд олон удаагийн хязгаарлалтын дэглэм, хилийн хориг, хорио цээрийн журмыг хэрэгжүүлсэн юм.

Тус улсын эрх баригчид хоногт хилээр нэвтрэх хүмүүсийн тоонд хязгаар тогтоохоо больсноор дэлхийд гуравдугаарт бичигддэг эдийн засгаа сэргээхийг зорьж байна. “Ковид-19”-ийн халдварын улмаас тогтоосон хилийн хяналтын арга хэмжээнүүд нь хилийн чанадаас ирэх жуулчдын тоог эрс бууруулсан нь эдийн засагт хүчтэй цохилт болсон юм. 2019 онд буюу дэлхий даяар цар тахал дэгдэхээс өмнөхөн Японд хамгийн олон буюу 32 сая жуулчин аялж, сард ойролцоогоор хоёр сая гаруй жуулчин хүлээн авч байжээ. Харин энэ оны 8-р сард энэ үзүүлэлт 170 мянга байлаа гэж Японы үндэсний аялал жуулчлалын байгууллагаас мэдээлжээ. Энэ сарын эхээр Японы эрх баригчид хоногт хилээр нэвтрэх хүмүүсийн тоо 20 мянга байсныг 50 мянгад хүргэн нэмэгдүүлсэн юм. Түүнчлэн Япон улсын ерөнхий сайд Кишида Фүмио дотоодын аялал жуулчлалыг сэргээхийн тулд татаас олгох хөтөлбөрийг мөн 10-р сарын 11-ээс дахин эхлүүлнэ гэж мэдээлсэн байна.