Ам.долларын эсрэг төгрөгийн ханш унасаар байгаа нь манай улсын валютын нөөцөд шууд нөлөөлж байна. Өнөөдрийн байдлаар валютын нөөц сүүлийн жилүүдтэй харьцуулахад хамгийн бага хувьтай байгаа юм.
Манай улсын валютын нөөц ердөө 2.6 тэрбум ам.доллар байна. Энэ нь сүүлийн жилдүүдтэй харьцуулахад хамгийн бага хэмжээний нөөц болсон байна. Өнөөдрийн албан ханшаар 1 ам.доллар 3285 төгрөгтэй тэнцэж байна. Харин жилийн өмнөх энэ өдөр 2848 төгрөг байжээ. Тэгвэл 1992 онд 1 ам.доллар 40 төгрөгтэй тэнцэж байсан байна
Энэ бүгдээс үзвэл сүүлийн 27 жилийн хугацаанд төгрөг ам.долларын эсрэг 67 дахин суларсан байгаа юм.
Зохицуулалттай хөвөгч ханшийн дэглэмтэй манай улсын хувьд валютын ханш банк болон ББСБ-уудын валютын эрэлт, нийлүүлэлтээр тодорхойлогддог. Харин арилжааны банкнуудын тухайн өдрийн валют арилжааны дундаж ханшийг төв банкны албан ханш гэж үздэг. Мэдээж шаардлагатай үед төв банк зах зээлд гадаад валют худалдах, худалдан авах байдлаар ханшийн огцом хэлбэлзлийг зөөлрүүлж болдог байна
Валютын ханшид нөлөөлөх гол хүчин зүйлс нь эрэлт, нийлүүлэлт. Тэгэхээр манай улсад америк долларын эрэлт ихтэй байгаа болохоор долларын ханш өсөж байгаа гэж байна.
2022 оны эхний 2 сарын байдлаар экспортын хэмжээ өмнөх оны мөн үеэс 11.6% буурсан бол импортын хэмжээ 12.5% өссөн нь 2021 оны эцсээр ашигтай байсан нь төлбөрийн тэнцлийг алдагдалд ороход хүргэжээ. Валют орж ирэхээс илүү гарах нь их байснаас болж төлбөрийн тэнцлийн алдагдал үүсдэг. Энэ нь валютын ханшид дарамт болж, ханш өөрчлөгдөхөд хүргэдэг. Монголбанк энэхүү өсөлтийг түр зуурынх хэмээн үзэж байна. Учир нь манай улсын уул уурхайн салбар эрчимжиж байгаа болон хилийн боомтын асуудлууд нааштай байгаа зэрэг нь төлбөрийн тэнцлийг эргээд ашигтай болгох магадлалтай гэж тайлбарлаж байна.