Өчигдөр дэлхийн аялал жуулчлалын өдөр болж өнгөрлөө

Цар тахлын улмаас дэлхий дахинд аялал жуулчлалын салбар бүхэлдээ уналтад орсон. Харин одоо нөхцөл байдал сайжирч олон улсад аялал жуулчлалын салбар сэргэж эхэлсэн байна. Өчигдөр Нэгдсэн үндэсний байгууллагаас санаачилсан Дэлхийн аялал жуулчлалын өдөр төв талбайд зохион байгуулагдлаа.

Нэгдсэн үндэсний байгууллагын дэргэдэх Дэлхийн аялал жуулчлалын байгууллага нь жил бүрийн есдүгээр сарын 27–ны өдрийг дэлхийн аялал жуулчлалын өдөр болгон тэмдэглэдэг бөгөөд манай улсын тухайд 2007 оноос тэмдэглэж эхэлсэн байна.

Цар тахлын хоёр жилийн хугацаанд манай улсын аялал жуулчлалын салбар амаргүй нөхцөл байдлыг даван туулсан. Харин өнгөрсөн хоёрдугаар сард Монгол улс жуулчдад хилээ нээснээр аялал жуулчлалын салбар сэргэж эхэлсэн. Тэгвэл дараагийн зорилт бол тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх юм.

Манай улсад орж ирэх валютын эргэлтийг зөвхөн уул уурхай гэлтгүй бусад салбарыг хөгжүүлж, эдийн засгийг солонгоруулахад аялал жуулчлалын салбар чухал нөлөөтэй.

Өнгөрсөн наймдугаар сарын байдлаар манай улсад 178 мянга гаруй жуулчин хүрэлцэн ирж 172 сая ам.долларын орлого оруулаад байгаа юм. Тэгвэл ирэх жилүүдэд аялал жуулчлалын салбарын орлогыг. Жуулчдын тоог нэмэгдүүлэхэд зорьж ажиллах шаардлагатай байна.