Улсын хэмжээнд улаан буудайн ургац хураалтын ажил 25-30 хувьтай явагдаж байна. Цаг агаарын нөхцөл байдлаас үүдэн ургац хураалтын ажил тодорхой шалтгаанаар удааширч байгаа хэдий ч энэ онд дотоодын хэрэгцээгээ хангах бүрэн боломжтой байгааг ХХААХҮЯ-аас хэлсэн байна. Мөн хөрш оронд үүссэн дайны нөхцөл байдал, болон цар тахлаас шалтгаалж газар тариалангийн үйлдвэрлэлд шаардлагатай бүх орцын үнэ 30-35 хувь өссөн нь улаан буудайн үнэ өсөхөд нөлөөлжээ.
Хөдөө аж ахуйг дэмжих санд улаан буудайн үнийг тогтоохдоо 1-р ангиллын улаан буудай 1 тонн- нэг сая төгрөг, 2-р ангиллын улаан буудай 1 тонн-970 мянган төгрөг, 3-р ангиллын улаан буудай 1 тонн-940 мянган төгрөг 4-р ангиллын улаан буудай 1 тонн-880 мянган төгрөгөөр тус тус тооцож тогтоосон байна. Энэ нь өмнөх оноос 150-200 мянган төгрөгөөр нэмэгдсэн үнэ юм.
Гурил болон гурилан бүтээгдэхүүний үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 25-50 хувиар нэмэгдсэн байна. Өргөн хэрэглээний бараа болон гурил,гурилан бүтээгдэхүүний үнэ огцом нэмэгдсэнд иргэд бухимдалтай байна.