Хүүхдийн сэтгэх болон өөрийгөө илэрхийлэх чадварыг нэмэгдүүлэхэд соёл урлагийн боловсрол чухал нөлөөтэй

Хүүхдийг хэвлийд байхаас нь ном уншиж өгөх, сонгодог хөгжим сонсгох нь гоо зүйн хүмүүжилтэй болгох эхний алхам болдог гэдэг. Харин бага наснаас нь соёл урлагийн боловсрол олгох нь хүүхдийг төлөвшүүлэх, хөгжүүлэхэд чухал нөлөө үзүүлдэг байна.

Урлаг бол хүн төрөлхтөний сэтгэлгээний анхдагч, хүн хоорондын харилцаанд эерэг нөлөө үзүүлдэг гэж урлаг судлаачид үздэг байна. Харин урлаг, соёлоор дамжуулан хүүхдийг төлөвшүүлэх, хөгжүүлэх нь ямар ач холбогдолтой болохыг эцэг эхчүүд төдийлөн мэддэггүй байна. Хүүхдийн суурь хүмүүжил ирээдүйд хэрхэн амьдрахад нь тодорхой хэмжээгээр нөлөөлдөг бөгөөд 3-6 насны хооронд хүүхдийн суурь хүмүүжил тавигддаг. Энэ үед хүүхдийг урлагтай танилцуулах нь хүүхэд өөрийгөө илэрхийлэх, сэтгэх чадварыг хөгжүүлж, анхаарал төвлөрүүлэхэд тустай байна. 

Олон улсын судалгаагаар урлагтай ойр байгаа хүний стрессийн түвшин тогтвортой байдаг нь тогтоогджээ. Хүний стрессийн түвшин ердийн үедээ 33 хувь байдаг. Энэ түвшин ихсэх үед хүүхэд стрессээ зохицуулах хэрэгцээ үүсдэг байна. Тэр хэрэгцээг нь хангаж чадахгүй байснаар хүүхдийн стресс хуримтлагдаж улмаар сэтгэцийн хөгжил удаашрах, зогсох эрсдэлтэй байдал үүсдэг байна. Тиймээс урлаг, соёлоор дамжуулан хүүхдийн стрессийн түвшинг бууруулах боломжтой.

Түүнчлэн урлагаар дамжуулан хүүхдэд түүх, соёлын боловсрол олго, оюуны дархлааг чадавхжуулдаг байна.

Урлаг, соёлын бүтээлч үйл ажиллагаанд хүүхдийн оролцоог дэмжснээр эерэг сэтгэлгээг өдөөж, хүүхдийг зөв төлөвшүүлэх боломжтой. Иймээс урлагаар хүүхдэд боловсрол олгох асуудлыг бүх шатанд анхаарах шаардлагатай байна.