ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин хэсэгчилсэн цэргийн дайчилгаа эхлүүлснээ зарласнаас хойш тус улсын олон мянган иргэн Монголын хойд хилээр нэвтрэн дүрвэж байна. Энэ нь Монгол улсын засгийн газрын Украины дайнд төвийг сахисан байр сууриа хадгалах гэсэн хүчин чармайлтад улам дарамт болж байгааг “Ройтерс” агентлагийн шинжээчид онцолжээ. Нөгөө талдаа Владимир Путин Украины сөрөг давшилтыг няцаахын тулд 300 мянган цэрэг дайчлах шийдвэр гаргасан нь иргэддээ дүрвэхээс өөр сонголт үлдээгээгүй гэдгийг Монголын хил нэвтрэхээр дугаарлаж байгаа Оросын иргэд Ройтерс агентлагт мэдээлсэн байна..
ОХУ-ын иргэд Буриадын Хиагт дахь хилийн боомт дээр олон цагаар дугаарлаж Монгол улс руу нэвтэрч байна. Владимир Путин цэргийн дайчилгаа зарласнаас хойш Монгол улсын зочны байр, зочид буудлууд Оросуудаар дүүрсэн бөгөөд цаашид тоо нэмэгдэх тусам дүрвэгчдийн хямрал нүүрлэж болзошгүй гэж ажиглагчид үзэж байна. Мөн Монгол улсын хөдөлмөрийн зах зээлийн хэдэн хувийг гаднын цагаач, дүрвэгч, хууль бус оршин суугч иргэд эзэлдэг, эзлэх боломжтой талаар тодорхой судалгаа хомс байдаг. Дотоодын эдийн засгийн нөхцөл байдал хүндэрсэн энэ үед ОХУ-ын иргэд Монгол улсад ажиллаж амьдрах боломж эрэлхийлж байгаа нь Улаанбаатарын эрх баригчдын санаа зовних асуудал болох төлөвтэй байна.
Монголын иргэд Оросын түрэмгийллийн эсрэг жагсаал хийсэн ч тус улсын засгийн газар төвийг сахисан байр суурьтай байна. ОХУ-ын газрын тос, байгалийн хийнээс бараг бүрэн хамааралтай, далайд гарцгүй Монгол улс нь Москвагаас Бээжин хүртэлх байгалийн хийн хоолойг өөрийн нутаг дэвсгэрээр дамжуулах төслөөс их хэмжээний ашиг хүртэх боломжтой байгаа. Үүнтэй холбогдуулан Монгол улсын ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх өнгөрсөн сард Самарканд хотноо ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин, БНХАУ-ын дарга Ши Жиньпин нартай уулзаж, хоёр жилийн дотор барьж эхлэх хийн хоолойн төлөвлөгөөний талаар ярилцжээ.
Европын холбооны дэргэдэх судалгааны байгууллагуудын мэдээлснээр Владимир Путин цэргийн дайчилгаа зарласнаас хойш 5 хоногийн хугацаанд тус улсын 400 мянган иргэн эх орноо орхин гараад байна.