Японы Ерөнхий сайд агсан Абэ Шинзотой салах ёс гүйцэтгэх төрийн оршуулгын ёслол өчигдөр Токио хотод зохион байгуулагдаж, 4000 гаруй зочид төлөөлөгчид оролцжээ. Тэрбээр энэ оны 7-р сард сонгуулийн компанит ажлын үеэр гудамжинд иргэдийн төлөөлтэй уулзаж байхдаа буудуулж амиа алдсан юм.
Уг төрийн оршуулгын ёслолын үеэр Ерөнхий сайд Кишида Фүмио болон парламентын дээд, доод танхимын дарга нар, дээд шүүхийн ерөнхий шүүгч нар олон нийтэд хандаж мэдэгдэл хийсэн юм. Харин иргэд, олон нийт ёслол болох газрын ойролцоох тахилын ширээнд цэцэг тавьжээ. Уг ёслолд АНУ-ын Дэд ерөнхийлөгч Камала Харрис, Энэтхэгийн ерөнхий сайд Нарендра Моди тэргүүтэй дэлхийн 200 орчим улс орон, бүс нутаг, олон улсын байгууллагын төлөөлөл оролцжээ. Оршуулах ёслолын үеэр ерөнхий сайд Кишида Фүмио гадаадын 40 орчим төр, засгийн тэргүүн нартай уулзжээ.
Тэгвэл Японы “NHK” сувгаас энэ сард явуулсан санал асуулгын дүнгээс үзэхэд, санал асуулгад оролцогчдын тэн хагасаас илүү хувь нь ёслолын арга хэмжээ зохион байгуулахыг дэмжихгүй байжээ. Учир нь уг оршуулах ёслолын төсөв нь 1.8 сая ам.доллар байсан бөгөөд Хатан хаан II-р Элизабетийг оршуулах ёслолын өртгөөс 2 дахин их байсан нь тус улсын иргэдийн дургүйцлийг төрүүлсэн байна. Япон улсын төсвийн зардлаар хийж гүйцэтгэсэн уг ёслолын арга хэмжээг эсэргүүцсэн иргэд, татвар төлөгчид дургүйцлээ илэрхийлж Абэ Шинзогийн оршуулах ёслолын үйл ажиллагааг саатуулах гэж оролдсон гэж өрнөдийн хэвлэлүүд мэдээлжээ.