Засгийн газрын ээлжит хуралдаанаар 2023 оны төсвийн төслийг танилцууллаа. Олон улсын байгууллагуудын зүгээс дэлхий нийтийг хамарсан эдийн засгийн хямрал 2024 он дуустал үргэлжлэх магадлалтай гэж дүгнэсэн. Тийм учраас Засгийн газар төлбөрийн тэнцлийн алдагдлыг бууруулах, гадаад валютын нөөцийг хамгаалсан мөнгөний хатуу бодлогыг хэрэгжүүлнэ гэж мэдэгдлээ.
Засгийн газрын зүгээс ирэх оны төсвийн төсөлд Төрийн хэмнэлтийн тухай хуулийг хэрэгжүүлж шинэ сэргэлтийн бодлогыг дэмжих, импортын бараанд оногдох татварын дарамтыг бууруулахад голчлон ажиллана. Түүнчлэн эрүүл мэндийн салбарын шинэчлэл болон төрийн хэмнэлтийн тухай хуулийн хэрэгжилтэд анхаарч халамжаас хөдөлмөрт шилжихэд голчлон анхаарна.
Ирэх оны төсөвт хөдөө аж ахуйн чиглэлийн боловсруулах үйлдвэрт 2027 он хүртэл гаалийн татвараас чөлөөлөх, хөрөнгийн зах зээл дээр IPO гаргаж, нээлттэй компани болоход хувьцааны ногдол ашгаас авдаг татварыг таван хувь болгож бууруулах, шинэ автобусны гаалийн татварыг 2024 он хүртэл тэглэх, төрийн албан хаагчдын цалингын зэрэглэлийг бууруулах ажлууд багтаж байна. Түүнчлэн Төрийн хэмнэлтийн хуулиар энэ онд 198 тэрбум төгрөгийг хэмнэх төлөвтэй байгаа юм. Тэгвэл ирэх оны тухайд нэг их наяд төгрөг хэмнэхээр зорьсон байна.
Засгийн газрын зүгээс цар тахлын нөхцөл байдлыг амжилттай давсан гэж үзэж байна. Гэвч инфляцийн түвшин 14.4 хувьтай, цар тахлын хугацаанд засгийн газраас хүүхэд бүрт 100 мянган төгрөг, иргэдэд нэг удаад 300 мянган төгрөг мөн айл өрхийн цахилгаан дулааныг төрөөс хариуцахад 1.1 их наяд төгрөгийг зарцуулсан. Харин ирэх жилийн тухайд тэтгэвэр тэтгэмжид 3 их наяд 711 тэрбум төгрөгийг төсөвлөж үүний дараагаар эрүүл мэнд, боловсролд 3 их наяд 169 тэрбум төгрөгийг төсөвлөж төсвийн нийт зардал 20 их наяд 277 тэрбум төгрөгөөр тооцож төсвийн алдагдлыг 1 их наяд 553 тэрбум төгрөг байхаар төлөвлөсөн байна.