Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас гаргасан судалгаагаар дэлхий нийтэд сүрьеэ өвчнөөр жилд нэг сая зургаан зуун мянган хүн өвчилдөг гэх судалгааг гаргажээ. Нийт өвчлөлийн зургаагаас найман хувийг бага насны хүүхдийн өвчлөл эзэлдэг байна.Харин манай улсад жил бүр 3000-4000 сүрьеэгийн тохиолдол бүртгэгдэж байгаагийн 12.3 хувь буюу дэлхий нийттэй харьцуулахад хоёр дахин олон хүүхэд энэхүү өвчнөөр өвчилсөн байна. Хүүхдийг сүрьеэ өвчний халдвараас сэргийлэхийн тулд шинээр төрсөн эрүүл, гүйцэд нярайд төрсний дараа 24-48 цагийн дотор BCG вакциныг хийдэг байна. Харин тус вакцин нь хүүхдийг насан туршид сүрьеэ өвчний эрсдэлээс хамгаалж чаддаггүй байна.
Энэ оны эхний хагас жилд бага насны 74 хүүхэд сүрьеэ өвчнөөр оношлогджээ. Хүүхдийг сүрьеэ өвчний халдвар авсан эсэхийг тогтооход эмч мэргэжилтнүүдэд ихээхэн хүндрэл, бэрхшээл тулгардаг байна. Учир нь хүүхдийн уушги найман нас хүртэл төлжиж гүйцдэг, мөн өөрийгөө илэрхийлэх чадамж муу зэргээс шалтгаалаад илрүүлэг, үзлэгийн ажил удааширдаг юм байна.
Хүүхэд сүрьеэ өвчин туссанаар нийгмийн бүхий л харилцаанаас тусгаарлагддаг. Үүний улмаас сэтгэл зүйн гутралд орж өвчний эдгэрэлтийн хугацаа улам уртасдаг байна.
Бага насны хүүхдүүдийн дунд сүрьеэгийн өвчлөл өндөр байгаа хэдий ч халдвараас сэргийлэх бүрэн боломжтой юм. Тиймээс эцэг эхчүүд хүүхдийн дархлааг сайтар дэмжин, амьдрах орчин нөхцөлийг нь цэвэр цэмцгэр байлгах тал дээр онцгой анхаарахыг эмч мэргэжилтнүүд зөвлөж байна.