Цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалан Монгол улсын эрчим хүчний салбар 2019 оноос хойш үнээ тогтвортой барьж ирсэн ч 2021 оны байдлаар 78 тэрбум төгрөгийн алдагдалд оржээ. Айл өрхийн цахилгааны төлбөрийг төрөөс хариуцах хугацаа дуусгавар болсон учраас эрчим хүчний төлбөрийг багадаа 30 хүртэлх хувиар нэмж, бодит өртөгт хүргэх шаардлага тулгарчээ.
Нийт цахилгаан, дулааны эрчим хүч хэрэглэгчдийн 98 хувь нь энэ хөнгөлөлтөд хамрагдаж, өнөөдрийн байдлаар 890 тэрбум төгрөг зарцуулсан байна. Өнөөг хүртэл хөнгөлөлттэй байсан эрчим хүчний үнэ нэмэгдэх шалтгаан нь гурван жилийн хугацаанд тогтвортой үнэ барьж ирснээс үүсэлтэй гэж албаныхан хэлж байна. Хөнгөлөлтийн хугацаа дуусах үед эрчим хүчний төлбөрийг хамгийн багадаа 20-30 хувиар нэмэх шаардлагатай байна.
Монгол улсын эрчим хүчний салбар
- 2019 онд 59 тэрбум,
- 2020 онд 88 тэрбум,
- 2021 онд 78 тэрбум төгрөгийн алдагдал тус тус хүлээжээ.
Эрчим хүчний салбарын тогтвортой байдлыг хангахгүйгээр улс орны эдийн засгийг сэргээх боломжгүй. Энэ салбарт олон жилийн турш томоохон хөрөнгө оруулалт хийгээгүй. Иймд "Шинэ сэргэлтийн бодлого"-ын хүрээнд нийт 22 төсөл хэрэгжүүлэхээр Засгийн газар ажиллаж байна. Эрчим хүчний үнэ тарифийг бодит өртгөөр тогтоож, индексжүүлэхээр ажиллаж байна. 2022 онд хэрэглэгчдийн цахилгаан дулааны үнэ тарифийг 28 хувиар нэмэгдүүлэх юм. Ингэснээр Шинэ сэргэлтийн бодлогод тусгасан төслүүдийг хэрэгжүүлэх боломжтой болох юм байна.
Эрчим хүчний үнийг нэмэхгүй бол эрчим хүчний салбар хэвийн үйл ажиллагаа явуулах боломжгүй нөхцөлд хүрэх юм байна. Ялангуяа цар тахлаас гадна, Орос Украйнд болж байгаа үйл явдлаас шалтгаалан хамгийн их хүчтэй нөлөөлөлд өртөж буй салбар бол эрчим хүчний салбар. Гэвч иргэд энэ цаг үед цахилгааны үнийн өсөлтийг дийлэхгүй гэдэг нь инфляцаас харагдаж байгаа тул, холбогдох мэргэжилтнүүд сайтар судалгаа хийж эцсийн шийдвэрийг гаргах юм.