Театрын урлаг нийгмийн соёлын байдалтай салшгүй холбоотой

Театрын урлаг нийгмийн соёлын байдалтай салшгүй холбоотой байж иржээ. Театрын урлагийн хөгжил нь дан ганц техник, технологи, уран бүтээлчдийн чадвар гэхээс илүүтэйгээр үзэгчидтэйгээ хамт хөгжиж байдгаараа бусад урлагаас онцлогтой юм байна.

Хүн төрөлхтний хамгийн эртний урлаг болох театрын урлагийн Монгол дахь түүх Равжаа Хутагтаас эхлэн тоологддог байна. Өдгөө Улаанбаатар хотод Драмын театр, Улсын Дуурь, Бүжгийн эрдмийн театр, Үндэсний урлагийн их театр, Хүүхэлдэйн театр үйл ажиллагаагаа явуулж байна. Харин 2021 онд нитх-ын тогтоолоор Улаанбаатар чуулгыг Нийслэлийн “Улаанбаатар театр” болгон өргөжүүлснээр Монгол улсын хамгийн отгон театр болжээ. Улаанбаатар театр нь Монголын театрын хөгжилд музикл уран бүтээлээр хувь нэмрээ оруулж байна. Гэсэн ч театрын хөгжил гэдэг нь дан ганц уран бүтээл, техникийн хөгжил бус үзэгч хамтын оролцоон дээр тогтдог байна. Театр өөрөө соёл гэж уран бүтээлчид хэлж байна.

Нийгэм хувьсахын хэрээр хүмүүс техник технологид илүү автаж, урлагийн үйл ажиллагааг ч дэлгэцээр үзэх боломжтой болсон. Харин театрын урлаг амьд харилцааны урлаг учраас үзэгчдэд илүү мэдрэмж өгч, соён гэгээрүүлэхээс илүүтэйгээр ёс суртахууны хөрөнгө оруулалт хийдэг байна.

Дэлхийн театрууд жил бүрийн 10-р сард улирлын нээлтээ хийдэг. Улаанбаатар театр ч мөн адил театрын анхны жилийнхээ нээлтийг музикл жүжгээрээ эхлүүлж байгаа юм.