Өрнөдийн улсууд “Умардын урсгал 1” байгалийн хийн хоолойд ОХУ-ын тал санаатайгаар гэмтэл учруулсан гэж буруутгажээ

ОХУ-аас Европын холбооны улсууд руу байгалийн хий нийлүүлэх “Умардын урсгал 1” хоолойн зарим хэсгийг санаатайгаар эвдэлж сүйтгэсэн талаар мэдээллийг өнгөрсөн мягмар гарагт Дани улсын эрх баригчид анх мэдээлсэн байна. Тэгвэл Өрнөдийн орнуудын эрх баригчид уг байгалийн хийн хоолойн бүтээн байгуулалтыг Оросын тал санаатайгаар эвдэлж сүйтгэсэн хэмээн буруутгаж байгаагаа мэдэгдсэн бөгөөд Владимир Путин эрчим хүчний бүтээгдэхүүнийг дайны зэвсэг болгон ашиглаж байгааг шүүмжилжээ.

АНУ тэргүүтэй Өрнөдийн улсуудын эрх баригчид “Умард урсгал 1” байгалийн хийн хоёр том хоолойд хорлон сүйтгэх ажиллагаа явуулсан  гэж ОХУ-ын талыг буруутгаж байгаа төдийгүй уг асуудлын дараа Европын орнууд газрын тос, байгалийн хийн байгууламжийн эргэн тойрон дахь хамгаалалтаа чангатгана гэдгээ мэдэгдсэн байна.

Европын холбоо, ОХУ, Германыг холбосон байгалийн хийн хоолойд гэмтэл учруулсан нь санаатай үйлдэл байсан гэж тус бүтээн байгуулалтын гүйцэтгэгч компаниас мэдээлжээ. Харин Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков уг хорлон сүйтгэх ажиллагааг Оросын тал үйлдээгүй гэдгээ мэдэгдсэн бөгөөд АНУ-ын эрх баригчид нөхцөл байдлыг хүндрүүлэх алхам хийж байна хэмээн буруутгажээ.

Орос Украинд халдан довтолсонтой холбогдуулан “Умардын урсгал 2” байгалийн хийн бүтээн байгуулалтыг Германы засгийн газар ирэх он дуустал зогсоож байгаагаа мэдэгдээд байсан. Тэгвэл Оросын төрийн өмчит Газпром компанийн удирдлагууд өнгөрсөн 8-р сарын сүүлээр “Умардын урсгал 1” байгалийн хийн хоолойд засвар үйлчилгээний ажил явуулна гэх шалтгаанаар нийлүүлэлтээ зогсоогоод байсан юм. Гэвч өнгөрсөн мягмар гарагт “Умардын урсгал 1” хийн хоолойн хоёр турбин хоёулаа хийгээр дүүрч гэмтэл гарсан хэсгээр асгарч далайн гадарга дээр нэг километрийн өргөнтэй талбайд хөөсөрч байсан гэдгийг эх сурвалжууд мэдээлжээ. Одоо Европын холбооны эрх баригчид гэмт буруутныг олж илрүүлэх ажлыг эрчимжүүлж, хариуцлага тооцохоор ажиллаж байгаа талаараа мэдээлжээ.