Цэцэрлэгийн хүнсний материалыг ААН зах зээлийн үнээс 20-40 хувиар өндөр үнэтэй нийлүүлдэг

Цэцэрлэгийн хүүхдийн хоолны мөнгө өдөрт 2475 төгрөгт багтдаг. Гэвч энэ нь хангалттай хүрэлцдэггүйн улмаас хүүхэд өдөрт авах ёстой  шим тэжээлээ бүрэн гүйцэт авч чаддаггүй байна. Боловсролын Ерөнхий газраас 2023 оны төсөвт хүүхдийн хоолны мөнгийг нэмэгдүүлэхээр санал оруулсан боловч энэхүү мөнгийг нэмсэн ч тухайн асуудал шийдэгдэж чадахгүй гэдгийг цэцэрлэгийн алба хаагчид хэлж байна.

Цэцэрлэгийн хоол хүнсийг нийлүүлэгч ААН хүнсний бараа материалыг зах зээлийн үнээс 20-40 хувиар өндөр үнээр нийлүүлдэг гэсэн юм. Хоолны материал үнэтэй учраас хүүхэд өдөрт хэрэглэх ёстой зарим шим тэжээлтэй хүнсийг хэрэглэж чаддаггүй байна.  Жишээлбэл нэг килограмм үзэм зах зээлийн үнэ дунджаар наймаас есөн мянган төгрөгөөр худалдаалагдаж байгаа бол цэцэрлэгийн хүнс нийлүүлэгч байгууллага 12000 төгрөгөөр нийлүүлдэг гэсэн юм. Бага насны хүүхэд цэцэрлэгээс өдөрт 1400 орчим илчлэг тэжээлийг авах ёстой гэсэн хэдий ч өнөөдөр цэцэрлэгийн багачууд шаардагдах илчлэгээ өдөр бүр авч чаддаггүй байна.

Харин салбарын яамнаас энэ хичээлийн жилийн төсөв санал хүргүүлнэ гэж хэлсэн юм. Үндэсний статистикийн хорооноос хоол тэжээлийн судалгааг цэцэрлэгийн насны буюу тав хүртэлх насны хүүхдүүд дунд хийсэн байна. Энэхүү судалгаанаас харахад цэцэрлэгийн насны хүүхдүүд өсөлтийн хоцролтоор хамгийн их хувиар тэргүүлсэн байна.

Цэцэрлэгийн албан хаагчид нөөц бололцоондоо тулгуурлан боломжоороо 1100-1400 орчим илчлэгийн хэмжээтэйгээр хүүхдийн хооллолтын цэсийг гаргадаг байна. Гэсэн хэдий ч хүүхдэд хангалттай тэжээл өгч чаддаггүй. Зарим цэцэрлэгийн эцэг эхүүд хувиараа мөнгө гарган өглөөний цайнд зориулсан нарийн боов худалдан авч өгдөг гэсэн юм.