Франц улсын иргэд өргөн хүрээг хамарсан ажил хаялт зарлажээ

Өнгөрсөн пүрэв гарагт Францын олон хотын үйлдвэрчний эвлэлүүд тэтгэврийн шинэчлэлийг эсэргүүцэж, цалин хөлсийг нэмэгдүүлэхийг шаардан томоохон хэмжээний ажил хаялт зарлажээ. “Ройтерс” агентлагийн мэдээлж байгаагаар ажил хаялт эрчим хүч, тээвэр, боловсрол, нийтийн үйлчилгээний салбарын ажилтнуудыг хамарсан юм байна.

Эммануэль Макрон өнгөрсөн 4-р сард Франц улсын Ерөнхийлөгчөөр дахин сонгогдсоноос хойш анх удаа томоохон цар хүрээний ажил хаялт тус улсад зарлагджээ. Ажил хаялтын улмаас сургууль, тээврийн үйлчилгээ тасалдаж эхэлсэн тул тус улсын Засгийн газар шуурхай арга хэмжээ авахаас өөр аргагүй байдалд хүрээд байна. Бага, дунд, ахлах сургуулийн багш нар, эрчим хүчний салбарын ажилчид, нийтийн тээврийн салбарын жолооч, үйлчилгээний ажилчид тэтгэврийн шинэчлэлийг эсэргүүцэж ажил хаялтад нэгджээ. Түүнчлэн ажил хаялтад оролцож байгаа үйлдвэрчний эвлэлийн холбоод инфляц болон үнийн өсөлтийг бууруулах, цалин хангамжаа нэмэгдүүлэхийг Засгийн газраасаа шаардаж байна.

Жагсагчид Эммануэль Макроны тэтгэврийн насыг 62-65 болгон нэмэгдүүлэх төлөвлөгөөг хэрэгжүүлэхгүй байхыг Засгийн газартаа уриалжээ. Францын Ерөнхийлөгчийн сонгуулийн компанит ажлынхаа үеэр амласан тэтгэврийн шинэчлэлтийн бодлого нь одоо хэрэгжүүлэх гэж байгаа тогтолцооны өөрчлөлттэй нийцэхгүй байгаа нь татвар төлөгчдийн дургүйцлийг хүргэжээ. Учир нь Ерөнхийлөгч Эммануэль Макроны нам парламентад олонх болж чадаагүй нь тэтгэврийн шинэчлэл, түүнтэй холбоотой хууль тогтоомжид өөрчлөлт хийх чадваргүй болохыг нь харуулжээ.

Тэгвэл Эммануэль Макрон төрийн албан хаагчид болон багш нарын цалинг хангалттай хэмжээнд нэмэгдүүлсэн гэж үзэж байгаа төдийгүй өрхийн эрчим хүчний үнэд доод хязгаар тогтоож, инфляцыг бууруулсан гэж үзэж байгаагаа мэдэгджээ. Харин Франц улсын Үйлдвэрчний эвлэлийн удирдлагууд инфляцын дарамт өдрөөс өдөрт нэмэгдэж байгаа тул цалин хангамжийг нэмэгдүүлсэн ч үнийн өсөлтийн дарамт амьдралд нь нөлөөлсөөр байгаа тул дорвитой шийдвэр гаргахыг шаардаж байгаа гэдгээ мэдэгджээ.