Төрөөс мөнгөний бодлогын талаар баримтлах үндсэн чиглэлийн төслийг Монголбанкнаас улсын их хурлын даргад өргөн барилаа. 2023 онд баримтлах мөнгөний бодлогын төсөлд гадаад төлбөрийн чадварыг сайжруулж, үүсэж болзошгүй эрсдэлээс сэргийлэх, эдийн засгийн дотоод гадаад тэнцвэрийг хангахад чиглүүлсэн байна.
Энэ хүрээнд ачаа тээврийн удаашрал болоод цар тахлын улмаас хаалттай байсан боомтууд нээгдсэнээр экспортын орлого нэмэгдэж худалдааны эргэлт сайжруулах мөн гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх чиглэлийг мөнгөний бодлогод тусгасан байна. Ирэх онд арилжааны банкнуудын IPO явагдах тул хөрөнгө оруулалтын хэмжээ нэмэгдсэнээр зээл олголт хэвийн явагдана гэж төв банкны зүгээс үзэж байна. Харин ирэх жилүүдэд үүсэж болзошгүй эрсдэлүүдийг тооцох шаардлагатайг УИХ-ын дарга хэлсэн. Үүнд хил гаалийн хүндрэл болон Хойд хөршид үүссэн тогтворгүй байдал, цар тахлын нөхцөл байдал нөлөөлж болзошгүй. Иймд энэ бүх эрсдэлийг хохирол багатай даван туулахад чиглэсэн байх ёстой гэлээ.