Эрчим хүчний үнэ Орос Украин руу халдан довтолсноос хойш эрс өссөн нь инфляцийн түвшинд нөлөөлж байна. Германы статистикийн газраас мэдээлснээр энэ оны 9-р сард эрчим хүчний үнэ өмнөх оны мөн үеийнхээс 44 хувиар өссөн байна. Үүнтэй холбогдуулан Герман улсын Канцлер Олаф Шольц эрчим хүчний үнийг бууруулахын тулд 150-200 тэрбум еврогийн өртөг бүхий багц арга хэмжээг энэ сараас эхлэн хэрэгжүүлнэ гэдгээ мэдэгджээ. Тэгвэл судлаачид Германы эдийн засгийн хэтийн төлөвийн талаар төсөөллийг танилцуулсан байна. Үүнд байгалийн хийн зах зээлийн хямрал, эрчим хүчний үнийн өсөлт зэрэг нь Германы эдийн засгийг уналтад оруулж магадгүйг тэмдэглэсэн байна. Эрчим хүчний эх үүсвэрийн өндөр үнэ нь Германы эдийн засгийг уналтад хүргэх хамгийн том хүчин зүйл болоод байна гэж “RWI” байгууллагын эдийн засгийн ахлах судлаач Торстен Шмидт мэдээлсэн байна. Мөн түүний тооцоолж байгаагаар Германы инфляцийн түвшин ирэх онд дунджаар 8.8 хувьтай байх төлөвтэй байна.
Тэгвэл энэ онд Испани улсын өргөн хэрэглээний бүтээгдэхүүний үнэ өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад нэр төрлөөсөө хамаарч 20-120 хувиар өсжээ. Жишээлбэл, наранцэцгийн тосны үнэ Украины дайнаас үүдэлтэйгээр хамгийн ихээр буюу 120 хувиар өссөн бол энэ зун Испани, Европт ган гачиг нүүрлэсэнтэй холбоотойгоор оливын тосны үнэ 50 хувиар өссөн байна. Үүний зэрэгцээ өнгөрсөн онд Ла Пальма арал дээрх галт уул дэлбэрсэн нь Испани гадилын үнийг 64 хувиар өсөхөд нөлөөлжээ. Мөн гурилын дундаж үнэ 50 хувиар өссөнөөс шалтгаалан талхны үнэ 56 хувиар өссөн байна. Нийтэд нь авч үзвэл, эрчим хүч, тээврийн зардлын үнэ өссөнөөс үүдэн инфляцийн түвшин огцом нэмэгдэж байгаа энэ үед хүнсний бүтээгдэхүүний дийлэнхийнх нь үнэ өссөн байна. Тус улсын хэрэглэгчдийн асуудал эрхэлсэн байгууллагын зүгээс хүнсний бүтээгдэхүүний татварыг бууруулах, хамгийн эмзэг бүлгийн өрхүүдэд хүнсний талон санал болгох зэргээр амьжиргааны өртгийн хямралыг даван туулахад дэмжлэг үзүүлэх яаралтай арга хэмжээ авахыг Засгийн газартаа уриалсан байна. Өнгөрсөн 9-р сард тус улсын инфляцийн түвшин 9.8 хувийн үзүүлэлттэй гарсан байна. Энэ нь өнгөрөгч 8-р сартай харьцуулахад 3 хувиар өссөн үзүүлэлт байна.