БНАСАУ долоо хоногийн хугацаанд дөрвөн удаа баллистик пуужин харважээ

БНАСАУ-ын тал өнгөрсөн сарын 24-өөс хойш НҮБ-ын аюулгүйн зөвлөлийн тогтоолуудыг зөрчин Япон тэнгис рүү гурван удаа баллистик пуужин харвасан нь энэ он гарсаар хамгийн олон пуужин харвасан тохиолдол болсон байна. Мөн өнгөрсөн бямба гарагт БНАСАУ дахин баллистик пуужин харваснаар долоо хоногийн дотор хамгийн олон буюу дөрвөн удаагийн туршилт хийсэн талаар Японы Батлан хамгаалахын сайд мэдээлжээ. Эдгээр үйлдэл нь Япон, АНУ, БНСУ-ын цэргийн хамтарсан сургуулийг эсэргүүцэж байгаа үйлдэл байж болзошгүй гэж ажиглагчид үзэж байна.

Тэгвэл энэ сарын 1-ний өдөр харвасан нийт пуужингийн нислэгийн өндөр 50 орчим километр байсан бөгөөд ойролцоогоор 350-400 километр зайд нисэн Японы эдийн засгийн онцгой бүсийн гадна унасан талаар Японы Батлан хамгаалахын сайд Ино Тоширо сэтгүүлчдэд мэдээлсэн байна.

БНСУ-ын ерөнхийлөгч Юн Сок Ёль өчигдөр хэлсэн үгэндээ “БНАСАУ цөмийн зэвсэг, пуужинтай болох улайрсан хүсэл зоригоосоо татгалзаагүй байгааг онцлоод, Сөүл Пёньяны өдөөн хатгалгыг сөрөн зогсохын тулд АНУ-тай эвслээ бэхжүүлнэ” гэдгийг цохон тэмдэглэжээ.

АНУ, БНСУ Япон тэнгист сүүлийн таван жил орчмын хугацаан дахь анхны цэргийн хамтарсан сургуулиа өнгөрсөн долоо хоногийн даваагаас баасан гаргийн хооронд хийсэн юм.