Намрын чуулганаар ирэх оны төсвийн төслийг хэлэлцэхтэй холбогдуулан Улсын Их Хурал дахь Ардчилсан нам болон ХҮН намын төлөөллүүд мэдэгдэл хийсэн байна. Мөн ХҮН намын зүгээс төсвийн төсөлд дүгнэлт хийж зөвлөмжийг хүргүүлсэн юм.
Улсын Их Хурлын намрын чуулганы нээлтийн дараа сөрөг хүчний төлөөлөл мэдэгдэл хийсэн юм. Ардчилсан намын зүгээс Төрийн хэмнэлтийн тухай хууль хэрэгжихгүй, олон сайдтай данхар засаг бүрдүүлснийг шүүмжилж байсан юм.
Харин Хөдөлмөрийн Үндэсний намын зүгээс 2023 оны төсвийн төсөлд дүгнэлт хийж, зөвлөмжийг хүргүүлээд байна. Үүнд хувь хүний орлогын албан татварыг шаталсан хэлбэрт шилжүүлэх заалт орсон ч хамрах хүрээ нь татвар төлөгчдийн нэг хувийг хамарч байгаа нь хангалттай биш, хүүхдийн мөнгийг зорилтот бүлэгт шилжүүлнэ гэсэн ч есөн хувиар бууруулсан нь хангалтгүй, халамжаас хөдөлмөрт шилжих бодлого нь лоозонгийн шинжтэй гэж үзэж байгаа юм.
Халамжуудыг зоригтой танаж, тэтгэврийн шинэчлэлийг эхлүүлж, төрийн өмчийн компаниудыг хувьчилж, хөрөнгийн биржээр дамжуулан нээлттэй компани болгох ажлыг эрчимжүүлэх шаардлагатай байгааг онцолж байсан юм.