Б.Ганзориг: Бий биелгээгээр түүх, соёлын өргөн мэдлэг түгээх боломжтой

Монгол улсын хэмжээнд Соёлын биет бус өвийг ур чадварын өндөр түвшинд өвлөсөн өвлөн уламжлагч 102 иргэн байдаг байна. Эдгээр иргэдийн 10 орчим хувь нь Бий биелгээ өвлөн уламжлагч нар байна.

Шаавай овогт Балганы Ганзориг нь Бий биелгээ, Ихэлийн татлагыг 8 настайдаа аав, ээжээсээ сурч, 20 орчим жил өвлөн уламжилж, түгээн дэлгэрүүлж байна. Ургийн овог талаасаа 14 дэх үе, ээжийн талаасаа 6 дахь үеийн өвлөн уламжлагч тэрбээр айлын зургаан хүүхдийн тав дахь хүүхэд нь юм.

Тэрбээр Монгол үндэсний язгуур урлагийн Алтай хамтлагт 11 дэх жилдээ ажиллаж байна. Мөн Бий биелгээ, Ихэлийн татлагыг хойч үедээ өвлүүлэн үлдээхэд хувь нэмрээ оруулж хүүхдүүдэд бий биелгээн сургалт явуулдаг байна. Манай улсад зургаан ястны 40 гаруй төрлийн бий биелгээ байна. Нэг ястны ёс заншил, шашин зан үйл, хувцас хэрэглэл, аж ахуй гэхчилэн түүхийн болоод соёл урлагийн өргөн мэдээллийг Бий биелгээгээр дамжуулан түгээн дэлгэрүүлэх боломжтой юм.

Манай улс 2008 оноос хойш ЮНЕСКО-ийн Соёлын биет бус өвийн конвенцийн Яаралтай хамгаалах шаардлагатай болон Төлөөллийн жагсаалтад 15 өвийг бүртгүүлсэн байна. Эдгээр өвийн нэг төрөл зүйл болох Бий биелээ өвлөн уламжлагч 102 иргэн бvртгэгджээ.

Цаашид зөвхөн Бий биелгээ бус Тууль, Цуур, уламжлалт Хуурийн урлаг, Уртын дуу, Лимбний Битүү амьсгаа зэрэг Соёлын биет бус өвийг хадгалан, өвлүүлэх нь чухал байна. Энэ хүрээнд Соёлын яам Соёлын салбарын залуучуудын хөгжлийн төвийг байгуулан ажиллаж байгаа юм байна.