БНАСАУ дахин нэг удаа Баллистик пуужин Япон улсын хойд хэсэг рүү харважээ

БНАСАУ дахин нэг удаа Баллистик пуужинг Японы хойд хэсэг рүү харвасан байна. Японы сайд нарын танхимын Ерөнхий нарийн бичгийн дарга Токиод болсон яаралтай хэвлэлийн бага хурлын үеэр хэлэхдээ “Одоогоор манай улсын нисэх онгоц, хөлөг онгоцонд гэмтэл учруулсан талаар мэдээлэл байхгүй” гэж хэлсэн байна.

Түүний хэлснээр, тус пуужин Номхон далайд Японы эдийн засгийн онцгой бүсээс гадуур унасан байна. Өөр нэг албаны эх сурвалжийн мэдээлснээр, пуужин Номхон далайд Японы эргээс зүүн тийш 3000 километрийн зайд унасан гэж мэдээлжээ. Умардын пуужин 4000 орчим км нисэж, 20 минут орчим агаарт байсан байна. Номхон далайг чиглэн Японы дээгүүр ниссэн БНАСАУ-ын пуужин нь тив алгасагч Баллистик пуужин байж магадгүй гэж ажиглагчид үзэж байна. Пуужин харвасантай холбогдуулан Японд яаралтай түгшүүрийн дохионы системийг идэвхжүүлсэн байна. Гаргасан анхааруулгын дагуу пуужингийн туулсан зам нь Японы хойд нутгийн Аомори, Хоккайдо мужийн агаарын орон зайг дайран өнгөрчээ. Үүнтэй холбоотойгоор эдгээр бүс нутгийн оршин суугчдыг пуужингийн хэлтэрхий унах эрсдэлтэй тул цонх руу ойртохгүй байх, гэртээ эсвэл газар доорх нуувчид үлдэхийг уриалсан байна. Мөн Японы Ерөнхий сайдын Хэрэг эрхлэх газрын дэргэд пуужингийн туршилтын талаар мэдээлэл цуглуулах шуурхай штаб байгуулжээ.